“Өргөө амаржих газар”-ын дарга Ж.Энхцэцэгийг өчигдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүнийг ажилчдадаа дарамт шахалт үзүүлж, ажлаасаа гарахад хүргэсэн тухай тус байгууллагын үйлдвэрчний хорооноос мэдээллээ.
“Өргөө амаржих газар”-ын үйлдчвэрчний хорооны дарга эх баригч, зөвлөх эмч н.Өнөржаргал “Энэ байгууллагад 25 жил ажиллаж байна. Өчигдөр энхцэцэг дарга халагдсантай холбоотой хамт олны нэр хүндэд халдаж, мөн намайг олон сая төгрөг идсэн мэтээр олон нийтийн сүлжээнд цацаж нэр хүндэд халдаж байгаад хариу тайлбар хийхгүй бол хэрээс хэтэрлээ. Бид ажилчдынхаа нэр хүндийг хамгаалах үүднээс мэдээлж байна.
Бид 2018 онд үйлдвэрчний эвлэлийн ажлыг авсан. Үүнээс хойш жил бүр тайлангаа ажилчдадаа нээлттэй явуулж ирсэн.
Үйлдвэрчний эвлэлийн татвар бол нийт ажилчдын цалин, түүнтэй тэнцэх орлогоос нэг хувь авдаг. Нийт цугласан татварын 70 хувийг үйлдвэрчний хороо зарцуулж, 30 хувийг нь дээд үйлдвэрчний холбоо, Монголын эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний холбоонд татвараа төлдөг. Энэ олсон мөнгийг ажилчдын тав тухтай орчныг хангах, ажилчдын ахуйн нөхцлийг сайжруулах, гачигдалтай хүмүүстээ мөнгөн тусламж үзүүлэх байдлаар ашигладаг. Энэ мөнгийг зарцуулахад би ганцаараа шийдвэр гаргадаггүй. Хамт олноос ирсэн хүсэлтийн дагуу төлөвлөгөө гаргаж, тэргүүлэгчдийн багаар хэлэлцэж, бүгд гарын үсгээ зурснаар мөнгө гардаг. Ганцаараа мөнгө зарах эрх надад байхгүй.
2021 онд манайх 487 ажилтантай байсан. Одоогийн байдлаар 162 ажилтан ажлаас гарсан байна. Үүнээс:
- 10 хүн жирэмсний амралт авсан
- 10 орчим хүн тэтгэвэртээ гарсан
- Хоёр хүн нас барсан байна.
Бусад ажлаас гарсан хүмүүсээс судалгаа авахад ажлын байрны дарамт, шахалтыг тэсэхгүй, өөрөөр нь өргөдөл өгүүлэх эсвэл ажил дээрээ байх боломжгүй байдлаар дарамталж, шахсан учраас ажилчид өөрсдөө өргөдлөө өгч гарсан тохиолдлууд байна.
Ж.Энхцэцэг дарга өөрийн фэйсбүүкээр бидэнд хандаж 15 нэр төрлийн зүйлийг гүтгэн доромжилсон учраас бид нэр төрөө сэргээлгэхийг хүсэж байна. Энэ байдлыг тэвчин, хүлцэж өдий хүртэл ажилласан ажилчдадаа талархал илэрхийлж байна” гэлээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгээс үзнэ үү.