Ургийн усны шинжилгээний бодис өнгөрсөн зургаадугаар сард тасарсан, жирэмсэн эхчүүд ургийн гажиг тодорхойлуулах боломжгүй болсон талаар бид өмнө нь цуврал сурвалжилга бэлтгэн хүргэж байсан. Уг шинжилгээний бодисыг яаралтай оруулж ирэхээр ажиллаж байгаа тухай мэдээлж байсан.
Ургийн усны шинжилгээний бодис өнөөдөр ирсэн гэж “Илдэнгүн Хошуу” ХХК-ийн мэргэжилтэн Д.Эрдэнэбилэг хэллээ.
Тэрээр “Шинжилгээний бодисыг Герман улсаар Улаанбаатар-Франкфурт чиглэлийн шууд нислэгээр өнөөдөр татан авлаа. Одоо ЭХЭМҮТ-д хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.
Герман улсаас нэг жил ашиглах нөөц бодис татсан.
Бид энэ бодисыг яаралтай татан авах арга хайж олон газарт холбогдсон байсан. Мөн Хятад улсаас татахаар захиалга өгсөн байсан нь ирэх долоо хоногт ирэхээр боллоо. Ингэснээр энэ шинжилгээний бодисын хоёр жилийн нөөцтэй болж байна. Гэхдээ Хятадаас ирж байгаа бодисыг ЭХЭМҮТ авах эсэхийг мэдэхгүй байна” гэсэн юм.
Уг шинжилгээг эмэгтэйчүүд жирэмсний 16-17 хоногтойд өгч, ургийн ямар нэгэн гажиг байгаа эсэхийг тодорхойлуулах зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ шинжилгээг өгөөгүй тохиолдолд урагт ямар нэгэн эрсдэл үүссэн эсэхийг мэдэх боломжгүй юм.