Киевийн бүс нутаг дахь дэд бүтцийн чухал байгууламжууд камиказе дроны цохилтод өртсөнийг өчигдөр Украины албаныхан мэдээллээ. Украины өмнөд хэсгийн Миколайв хотыг бөмбөгдөж, үүнд орон сууцны барилга оногдсон гэдгийг эрх баригчид хэлж байна.
Украины ерөнхийлөгч Зеленский агаарын довтолгооноос хамгаалах нөөцийнх нь “Ердөө 10 хувь л үлдсэн” гэдгийг онцоллоо. Түүнчлэн Украины арми эзлэгдсэн бүс нутгууд дахь Оросын цэргийн хүчнийхэн агаарын цохилттой зэрэгцэн довтолж байгааг мэдэгдсэн байна. Украины талаас ОХУ-ыг Иранд үйлдвэрлэгдсэн дрон ашиглаж байна хэмээн буруутгасан. Иран харин үүнийг үгүйсгээд байгаа юм.
АНУ-ын батлан хамгаалахын сайд Ллойд Остин тэргүүтэй Украиныг батлан хамгаалах холбоо лхагва гарагт Брюссель хотод хуралдсан. Энэ үеэр Украины талаас нэн яаралтай зэвсгийн жагсаалтад их буу, агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг зэргийг багтаажээ.
Эх сурвалж: FRANCE 24