НҮБ-ын Ерөнхий Ассамблей ОХУ Украины дөрвөн эзлэгдсэн муж болох Херьсон, Запорожье, Луганск, Донецкийг өөрийн бүрэлдэхүүндээ нэгтгэснийг олон улсын эрх зүйг зөрчсөн үйлдэл хэмээн буруутгаж, гишүүн орнуудын дунд санал хураалт явууллаа. Лхагва гарагт болсон санал хураалтаар НҮБ-ын 193 гишүүн орны дөрөвний гурав нь буюу 143 нь Украины бүрэн эрх, тусгаар тогтнол, эв нэгдэл, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хилийн хүрээнд дахин баталгаажуулсан тогтоолыг дэмжсэн байна.
Энэ талаар НҮБ-ын дэргэд суугаа Украины элчин сайд Сергей Кислица “Гайхалтай” гэж онцлон, ОХУ дэлхийн эсрэг зогсож чадахгүй гэж хэлжээ. Энэхүү тогтоолыг ОХУ-аас гадна Беларусь, Сири, Никарагуа, БНАСАУ гэсэн дөрвөн орон эсэргүүцсэн бол БНХАУ, БНЭУ тэргүүтэй 35 орон санал өгөхөөс түдгэлзсэн байр суурьтай байжээ. Мөн эдгээр түдгэлзсэн орнуудын нэг нь Монгол улс байсан байна.
Энэ удаагийн тогтоол нь хоёрдугаар сарын 24-нөөс хойш Ерөнхий Ассамблейгаас ОХУ-ын эсрэг тавигдаж буй хамгийн хүчтэй үр дүнд тооцогдож байгааг хэвлэлүүд онцоллоо.
Эх сурвалж: AL JAZEERA