Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус ковид-19 цар тахал удаан үргэлжилж буй үйл явцын талаар мэдээллээ.
Тэрээр, дэлхий дахин хэдий ковид-19 цар тахлыг дуусгахад тун ойртсон ч, энэ халдвараар өвчилсөн хүмүүст хор уршиг нь “Урт хугацаанд” нөлөөлсөөр байгаад санаа зовниж буйгаа илэрхийлжээ.
Дэлхий даяар уг вирусээр 600 сая гаруй хүн өвчилж, 6,5 сая хүн нас барсан байна.
ДЭМБ-ын тооцооллоор өвчилсөн хүмүүсийн 10-20 хувь нь ядрах, амьсгал давчдах, танин мэдэхүйн чадвар алдагдах зэрэг дунд болон урт хугацааны шинж тэмдгүүдтэй үлдэж байна. Энэ шинж тэмдгүүд эмэгтэйчүүдэд түгээмэл илэрч байгаа юм.Үүнийг хэрхэн, яаж эмчлэх талаар тодорхой мэдээлэл байхгүй тул “Урт хугацааны Ковид” хүмүүсийн амьдралыг орвонгоор нь эргүүлж, энэ уршиг илэрч байгаа олон хүмүүс яах учраа олоход зөвлөгөө хэрэгтэй байгааг ДЭМБ-ын тэргүүн онцолжээ.
Тэрээр үргэлжлүүлэн “Улс орнууд хүн амынхаа зовлон зүдүүрийг багасгах, эрүүл мэндийн систем, ажиллах хүчээ хамгаалахын тулд үүнд нэрвэгдсэн хүмүүсийн нөхцөл байдал, тусламж үйлчилгээний хүртээмжийн судалгааг "Нухацтай авч үзэх" ёстой гэдгийг анхааруулаад байна.
Эх сурвалж: THE GUARDIAN