Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр сүүлийн арван жилд 195 мянган эмэгтэй үр хөндүүлжээ.
Бид өчигдөр баталгаагүй үр зулбуулах эмийг бусдын гар дээрээс авч, дур мэдэн хэрэглэснээр умай авахуулах ажилбар хийлгүүлж, дахин жирэмслэх боломжгүй болсон эмэгтэйн талаар мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан үр хөндөлтийг зөвшөөрөлгүй эмнэлэгт хийлгэн, амь нас эрүүл мэндээрээ хохирсон зарим тохиолдлуудыг сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна.
Тохиолдол
- Нэр бүхий эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэгт 24 настай эмэгтэй үр хөндүүлжээ. Тухайн эмнэлэг нь энэ төрлийн ажилбарыг хийх тусгай эрхгүйн дээр хагалгааны явцад халдвар хамгааллын дэглэмийг хангаагүйгээс үүдэн эмэгтэй амиа алдсан байна.
- 43 настай эмэгтэй долоон сартай жирэмсэн үедээ үр хөндөх хагалгаа хийлгэж, цус ихээр алдан амиа алдсан байна. Хагалгааг мөн хувийн эмнэлэгт хийжээ.
- 21 настай эмэгтэй дөрвөн сартай жирэмсэн байсан. Үр зулбуулах оролдлого хийснээс үүдэн, өөрөөр хэлбэл гараашин дээрээс үсрэн, хүндэрч эмнэлэгт хүргэгдсэн байна. Ингээд мэс засал хийлгэн амь насаа алдах эрсдлээс холуур өнгөрсөн ч дахин хүүхэд тээх боломжгүй болжээ.
2021 онд нийт 12.0 мянган үр хөндөлт бүртгэгдсэн нь 2011 оноос 5.5 мянга буюу 31.2 хувиар, өмнөх оноос 2.6 мянга буюу 17.6 хувиар тус тус буурсан байна. Нийт үр хөндөлтийг байршлаар харвал Улаанбаатарт 69.4 хувь, аймагт 30.6 хувь байгаа юм.
Нийслэлийн хэмжээнд үр хөндөлт хийх эрхтэй нэг, хоёр, гуравдугаар төрөх, ЭХЭМҮТ, тусгай зөвшөөрөлтэй хувийн тодорхой тооны эмнэлэг байдаг. Магадлан итгэмжлэгдсэн, хэвтэх ортой эмнэлгүүдэд үр хөндөлт хийх эрх өгдөг талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ. Мөн үр хөндүүлж буй эмэгтэйчүүдийн 60 орчим хувь нь 20-29 насныхан байдаг байна.
Дээрх тохиолдлуудаас харвал дийлэнх нь хувийн, магадлан итгэмжлэгдээгүй эмнэлэгт үр хөндүүлсэн байгаа юм. Бид НМХГ-аас эдгээр хууль бус үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүдэд хэрхэн хяналт тавьж ажилладаг талаар тодруулахад "2018 оноос хойш төлөвлөгөөт хяналт шалгалт хийгээгүй. Иргэнээс ирсэн гомдлын дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх боломжтой ч энэ асуудлаар сүүлийн жилүүдэд НМХГ-т иргэдээс гомдол санал ирээгүй байна" гэсэн юм. Мэргэжилтнүүдийн зүгээс хууль бусаар хийж буй үр хөндөх ажилбарыг хянах боломж хомс байдаг талаар хэлж буй.
Тиймээс уншигч та бүхэн хууль бусаар үр хөнддөг, баталгаагүй үр зулбуулах эм худалдаалж, хүний амь нас эрүүл мэндэд аюул учруулж буй байгууллага хувь хүмүүсийн талаар гомдол саналаа мэргэжлийн байгууллагуудад хүргүүлэх хэрэгтэйг анхаарна уу.