АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй утсаар ярьж, агаарын дайралтаас сэргийлэх орчин үеийн систем нийлүүлэхээ амлажээ. ОХУ Украины хэд хэдэн хотод агаарын цохилт үзүүлсний улмаас ийм шийдэлд хүрснийг хэвлэлүүд мэдээлж байна. “Ерөнхийлөгч Байден Украинд өөрсдийгөө хамгаалахад шаардлагатай тусламжаар хангана” гэж цагаан ордны мэдэгдэлд дурджээ. Энэ яриа Их 7-гийн бүлэг яаралтай хуралдахаас өмнө болсон юм. Харин Их 7-гийн бүлэг Украинд нэмэлт тусламж үзүүлэх, ОХУ-ын хийсэн үйлдэлд хариуцлага тооцох асуудлаар өчигдөр хуралдлаа. Хурлын үеэр В.Зеленский гишүүн орнуудыг дээрх системийг Украинд нийлүүлэхийг хүссэн байна. Ингэснээр цаашдын агаарын цохилтуудаас Украин өөрсдийгөө хамгаалах боломжтой гэдгийг мөн хэлжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден зэвсгийн тусламжийг шаардлагатай тохиолдолд үргэлжлүүлэн нийлүүлсээр байх болно гэдгээ мэдэгдээд байсан юм. ОХУ даваа гарагт хийсэн дайралтаа Украины эрчим хүчний дэд бүтцийг онилох зорилготой байсан гэдгээ мэдэгдсэн. Харин Украин энэ дайралт энгийн иргэдийн явж байсан хэсэгт болсон хэмээгээд нийт 14 хүн амиа алдсаныг мэдээлсэн юм.
Эх сурвалж: AL JAZEERA