Тайландын ерөнхий сайд Прают Чан Оча хууль сахиулах байгууллагуудад галт зэвсэг эзэмших дүрэм журмыг чангатгаж, мансууруулах бодисын хэрэглээг хянахыг тушаал болголоо. Энэ нь өнгөрсөн пүрэв гарагт Тайландын хойд хэсэгт болсон хэрэгтэй холбоотой юм. Тодруулбал, 34 настай өмнө нь цагдаагийн албан хаагч байсан этгээд хүүхдийн өдөр өнжүүлэх төвд зэвсэгт халдлага үйлдэж, ойролцоогоор 36 хүний аминд хүрсний 24 нь хүүхдүүд байсан юм.
Прают хууль бус хар тамхины хэрэглээг албан тушаалтнууд болон олон нийтийн дунд идэвхтэй хайж, донтсон хүмүүсийн эмчилгээг эрчимжүүлэхийг эрх баригчдад үүрэг болгосныг засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Түүнчлэн "Нийгэмд заналхийлсэн", "эмх замбараагүй байдал үүсгэсэн" гэсэн бүртгэлтэй эзэмшигчдийн галт зэвсгийн зөвшөөрлийг хүчингүй болгохыг засгийн газрын бүртгэлийн ажилтнуудад үүрэг болгожээ. Тайландын эрх баригчид галт зэвсгээ буруу зорилгоор ашигласан эсвэл албан үүргээ гүйцэтгэж байхдаа түрэмгий авирласан албаны хүмүүс болон цагдаа нараас галт зэвсгийг нь эргүүлэн татахаар төлөвлөж байна.
Мөн галт зэвсгийн зөвшөөрөл хүсэгчид болон эзэмшигчдийг сэтгэцийн эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдах шаардлагатай гэж Цагдаагийн ерөнхий газрын дарга, генерал Дамронгсак Киттипрапас сэтгүүлчдэд мэдэгджээ.
Эх сурвалж: CNN