2021 оны байдлаар Монгол Улсад 12 мянга гаруй эмэгтэй үр хөндүүлсэн байна. Энэ 12 мянга гэсэн тооны цаана олон, олон эмэгтэй баталгаагүй үр зулбуулах эм хэрэглэсний улмаас амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулсаар байгаа юм. Баталгаагүй үр зулбуулах эм хэрэглэж амь насаа эрсдэлд оруулсан, дахин хүүхэд тээх боломжгүй болсон эмэгтэйн эгч бидэнд мэдээлэл өглөө.
Иргэн Б: Тухайн үед манай дүү 18 настай байсан. Жирэмсэн болоод ээж бид хоёрт хэлэлгүй гар дээрээс үр зулбуулах эм авч уусан байгаа юм. Уусны дараа манай дүү халуурч, бие нь муудан эмнэлэгт хүргэгдсэн. Эмнэлэгт хүргэгдсэнийх нь дараа л үр зулбуулах эм авч уусныг нь мэдсэн. Дүү минь одоо дахин жирэмслэх боломжгүй. Найз залуудаа жирэмсэн болох боломжгүй гэдгээ хэлэхээс айдаг юм билээ. Охидууд 200 мянган төгрөгөөр амь нас, эрүүл мэнд, ирээдүйн амьдралаа золиосолж байна. Тэгэхээр ийм сонголтыг охидууд битгий хийгээсэй гэж сэрэмжлүүлэх үүднээс энэ тухай ярьж байгаа юм гэв.
Бид энэ асуудалтай холбогдуулан баталгаагүй, зөвшөөрөгдөөгүй зулбуулах эм зардаг иргэнтэй холбогдоход тухайн эмийг 160 мянган төгрөгөөр худалдаалдаг. Хүргэлт их байгаа учраас үдээс хойш хүргэж өгөх боломжтой гэж ярилаа.
Энэхүү хууль бус наймаа хийж, 160 мянган төгрөгөөр бусдын амийг эрсдэлд оруулж буй иргэн зарж байгаа эмэндээ ямар ч баталгаа өгч чадахгүй гэдгээ хэлж байсан юм.
Баталгаагүй үр зулбуулах эмийг бусдын гар дээрээс авч дур мэдэн хэрэглэх нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд ямар хор уршигтай талаар эмэгтэйчүүдийн эмч Г.Алтаннараас тодрууллаа.
Тэрбээр "Эмэгтэйчүүд “Би жирэмсэн болсон ч гаргах боломжгүй юм чинь” гээд 72 цагийн эм ууж өөрийгөө хохироодог. Эсвэл мөөг ихээр хэрэглэлээ, өндрөөс үсэрлээ ч гэдэг юм уу, эм олдоогүй бол иймэрхүү оролдлогуудыг хийж хүндэрч ирэх асуудлууд байдаг. Ураг бүрэн гарч байж бүрэн зулбалт болно. Ингэж байж ноцтой эрсдлээс холуур өнгөрөх юм. Бүрэн зулбалт явагдаж байгаа эсэхээ ч мэдэхгүй эм ууж өөрийгөө хорлох тохиолдол олон бий. Умай доторх салстанд нь үлдэц байгаагаас үүдэн цус алдах эрсдэл байдаг. Эмэгтэйчүүд “Зулбаж байгаа юм чинь цус гарах ёстой байх” гэж бодож явсаар байгаад цаг алдаад ороод ирдэг. Энэ нь магадгүй цаашлаад умай авахуулах ажилбар хийхэд хүргэнэ. Өөрөөр хэлбэл хүсээд ч жирэмсэн болохгүй болчихсон байдаг. Амьдрал урт шүү дээ. Дур мэдэн оруулж ирж байгаа эмнүүд ихэвчлэн Эрээнээс гаралтай. Наймаа эрхэлдэг хүмүүс л үүнийг авч борлуулдаг. Үүнийг яагаад Монгол улсад бүртгэхгүй байна гэхээр манай стандартыг хангаагүй байдаг юм.
Намайг хүлээн авах дээр жижүүрлэж байхад эвхэрч, шоконд орсон, цус алдсан хүн орж ирж байсан. Энэ хүн дур мэдэн хүний гар дээрээс зулбуулах эм авч уусан байсан. Тэр хүн умайгаа авахуулж таарсан. Иймээс охид ирээдүйдээ хайртай байх хэрэгтэй байна. Үр хөндөлт бол эм уугаад л болчихдог асуудал биш" гэлээ.