“Айрагтай такси” нэрээр олон нийтийн анхаарлыг татаад байгаа Ж.Энхбаттай бид уулзлаа. Түүний хувьд өнгөрсөн есдүгээр сараас энэ ажлаа эхлүүлэн үйлчлүүлэгчдээ айргаар дайлсаар байгаа юм.
Залуу хүн ажил голохгүй хийж, өөрийн үнэ цэн, ирээдүйгээ бий болгоно гэж ярих энэ залуу хийж байгаа зүйлдээ байж болох хамгийн сайнаараа хичээж, хөдөлмөрлөдөг талаараа ярьсан юм.
Тэрбээр “Намайг Жигжидсүрэнгийн Энхбат гэдэг. Булган аймагт төрж өссөн. Булган гэхээр л айраг бодогддог шүү дээ. Булганы айраг брэнд болчихсон гэсэн үг л дээ. Тэгэхээр миний хувьд хүмүүст байгаа юмаа л барьж, дайлж байгаа хэрэг. Сошиалд гарсан бичлэгний доор хүмүүс “Айргандаа юм хольсон байх вий” гээд байдаг. Энэ яг Булганы Сайханы цэвэр айраг шүү гэж хэлмээр байна.
Одоо бол “Айрагтай такси” гээд л яваад байна. Яваандаа Монголын хамгийн цэвэрхэн такси болъё гэж бодоод байгаа. Таксинд явах их адал явдалтай санагддаг. Ууртай ч хүн орж ирнэ. Сэтгэл санаа нь сайхан хүн ч орж ирнэ. Сүүлд гэхэд ажлаа эхлүүлэх гэж байгаа хоёр эмэгтэй суугаад л “Өнөөдөр ажлаа эхлүүлэх гэж байгаа. Сайхан цагаан идээ уучихлаа. Ажил сайхан бүтэх байх аа” гээд буух жишээний. Их адал явдалтай л байдаг.
Таксинд яваад байхаар хүнтэй сайхан ярилцаж сурдаг юм билээ. Би хийж байгаа зүйлээсээ үр шимээ хүртээд явж байгаа гэж боддог. Тиймээс байж болох хамгийн сайнаараа үйлчлэхийг хичээдэг. Залуучууд бүх ажлыг сайн хийдэг болсон байна шүү дээ. Миний хийж байгаа зүйлийн ялгарах онцлог нь “айрагтай такси”. Цаашлаад “Айрагтай такси” гэсэн бренд үүсгэхийг хүсэж байна. Булганы Энхбат гэхэд “Айрагтай такси”-ны залуу гэж мэддэг болтол нь явна гэж зорьж байгаа.
Залуу хүн мэдээж насаараа таксинд явна гэж юу байх вэ. Энэ ажлаараа брэндийхээ эхлэлийг тавина гэж ойлгож байгаа. Маш том зорилго урдаа тавьсан. Бага багаар зүтгэж л байна.
Оюутан байхдаа авто угаалгад ажилладаг байлаа. Тав хоног дагалдан хийгээд 10 мянган төгрөгийн цалин авч байхдаа их шантарч байсан. Гэхдээ би өөрөө ажилд гологддог юм билээ. Тийм болохоор ажил голж байсан удаа байхгүй. Хийж байгаа ажлаасаа үр шимээ хүртэж л байгаа юм чинь хамгийн сайнаараа хийж, хөдөлмөрийн маань үр дүн надад өгөөжөө өгдөг байх хэрэгтэй гэж боддог.