“Чингис хаан” хаад язгууртны музейг нээх ёслол өнөөдөр боллоо.
Музейд:
- Монголын эртний төрт улс (Хүннү, Сяньби, Жужан);
- Эртний нүүдэлчдийн төрт улс (Түрэг, Уйгур, Хятан);
- Их Монгол Улс;
- Монголын Их эзэнт улс;
- Чингис хааны угсааны хаад, язгууртны (XIV-XX зууны эхэн үе);
- Дэлхий дахин ба Монголчуудын танхим (Монгол бахархлын танхим);
- Их хааны хүндэтгэлийн өргөө гэсэн байнгын үзмэрийг байршуулсан байна.
Музей 12 мянга орчим үзмэртэй бөгөөд 92 хувь нь эх үзмэр бөгөөд үлдэх хувь нь гадаадын 10 гаруй улсын музей, номын сан, архивт байгаа зарим эд өлгийн зүйлсийн хуулбар, уран бүтээл юм.
“Чингис хаан” музейн нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож үг хэллээ.
Тэрээр, Өнөөдөр та бидний өмнө сүндэрлэн байгаа “Чингис хаан” хаад язгууртны музей манай ард түмэн, бидний үр хүүхэд, ирээдүй хойч үе маань эх орон, ард түмэн, өвөг дээдэс, үүх түүх, үнэт зүйлээрээ бахархах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, дэлхий дахинаа эх орноо сурталчлан таниулах, аугаа түүхт Монгол үндэстнийг оюун санаа, зүрх сэтгэл, итгэл үнэмшлийн хувьд нэгтгэн зангидаж, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах болно.
Цаашид Монгол төр, бидний ирээдүй болсон үр хүүхэд, хойч үеийнхэн маань Их хаадынхаа үйл хэргийг улам бүр үргэлжлүүлэн судалж, сурталчлан таниулж, Монгол түмний их бүтээн байгуулалт, бахдал омогшлын бэлгэдэл болсон музейг өргөтгөн, үзмэр, үйлчилгээ, сан хөмрөгийг нь арвижуулан баяжуулж, дэлхий нийтийн анхаарлыг татсан түүхийн музей, олон улсын судалгааны төв болгон хөгжүүлэх учиртай.
“Чингис хаан” хаад язгууртны музей Чингис хаан судлалын олон улсын гол төв болж, их хаадын суу алдрыг дэлхий дахинаа үеийн үед түгээн дэлгэрүүлж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.