“Буриадын сан”, “Холун хатны үрс” ТББ-аас ОХУ-аас ирж буй халимаг, буриадуудад туслах аян эхлүүлэх талаар мэдээллээ.
“Холун хатны үрс” буяны сангийн тэргүүн Сарнай “Манай сангаас ОХУ-аас дүрвэж ирсэн хүмүүст өөрсдийн боломжит хэмжээгээр тусламж үзүүлж байна. Нэн даруй тусламж шаардлагатай маш олон хүмүүс байна. Бидний санхүүгийн чадамжаас даваад байна. Би ард түмнээсээ илүү ОХУ-д сургууль төгссөн, бизнес эрхэлдэг санхүүгийн боломжтой хүмүүсээс, хэлийг нь бэлтгэж, Герман явуулсан, одоо Германд ажиллаж, цалинд хүрсэн шавь нараасаа хандив хүсэж байна.
Дэлхийн эдийн засаг хэцүү, хаа сайгүй юмны үнэ өссөн байгаа энэ үед ард түмнээсээ гэж хэлж чадахгүй байна.
Монгол улс НҮБ-ын гишүүн орон учраас дүрвэгсдэд туслах үүрэгтэй.
Европын орнуудад дүрвэгсдийн дундаас гарч байгаа хэргүүдийн гол шалтгаан нь тэдний нийгмийн асуудлыг шийдээгүйгээс байдаг. Хэрвээ Оросоор ирж байгаа залуусыг ингээд орхивол сэтгэл санаа нь хямарч, хүнд байдалд орно. Бага ч гэсэн цалинтай ажил хийж, найз нөхөдтэй болж, хэсэг хугацаанд ч болов нийгмийн харилцаанд орох нь чухал.
Энэ хүмүүсийг Монголд байх хугацаанд нь төрөөс чадах бүхнээ хийх хэрэгтэй. Ард түмний хувьд ч ойлгож хандах хэрэгтэй. Монголчууд ч дэлхийд даяар хаа сайгүй байгаа. Хүний газар байр, хоолгүй, хэл мэдэхгүй байх ямар гэдгийг би Германд сурч байсныхаа хувьд маш сайн мэдэж байна. Дүрвээд ирсэн хүмүүсийг хүн гэж үзэж, туслах шаардлагатай байна” гэлээ