“Хамтын ажиллагаатай булганчууд-2022” арга хэмжээний хүрээнд Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ 2022 оны аравдугаар сарын 10-13-ны өдрүүдэд МУ-д суугаа Элчин сайдуудтай албан уулзалтууд хийж байна.
Энэ хүрээнд өчигдөр Унгар Улсын Элчин сайд Обрущанский Борбала Анна болон Бүгд Найрамдах Польш Улсын Элчин Сайд Кшыштоф Бойко нартай уулзлаа.
Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ Унгар улсын Элчин сайд Обрущанский Борбала Аннатай хийсэн уулзалтын эхэнд богино хугацаанд харилцаа, хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж, олон ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлсэн байна.
Уулзалтын үеэр талууд боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. Мөн Элчин сайд ирэх онд Булган аймгийн оюутан залуусыг Унгар улсад суралцуулахад онцгой анхаарна гэдгээ тэмдэглэн хэллээ.
Харин Польш улсын Элчин Сайд Кшыштоф Бойкотой хийсэн уулзалтаар боловсрол, соёл, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, ойрын хугацаанд олон ажил, арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр тогтлоо. Тухайлбал, Улаанбаатар хотноо 11 дүгээр сард зохион байгуулагдах “Польш улсын хөдөө аж ахуйн салбарын эрдэм шинжилгээний бага хурал”, “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспо”-д Булган аймгийн төлөөлөгчид, ААНБ-уудыг оролцуулах, Польшийн жазз дуучин Анна Мариа Ёопек болон монгол хөгжимчдын хамтарсан тоглолтыг Булган аймагт хамтран зохион байгуулах зэрэг олон арга хэмжээг төлөвлөсөн юм.
Уулзалтын үеэр Элчин сайд Кшыштоф Бойко “Булган аймаг Польш улсын ижил түвшний муж, орон нутагтай найрсаг харилцаа тогтоосноор Булган аймгийн оюутан сурагчид Польш улсад тэтгэлгээр суралцах, бизнес эрхлэгчид туршлага судлах зэргээр бүхий л салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх бүрэн боломжтой, үүнд манай ЭЯС дэмжлэг үзүүлэн ажиллах болно” гэжээ.