“Чингис хаан” хаад язгууртны музейн нээлтийн тухай Соёлын дэд сайд М.Батбаяр, тус музейн захирал академич С.Чулуун нар мэдээллээ.
“2019 оны долоодугаар сарын 3-ны өдөр Монгол улсын Засгийн газрын 280 дугаар тогтоол гарч, “Чингис хаан” хаад, язгууртны музей байгуулах шийдвэр гарч байсан. Энэ шийдвэрийн даруу Засгийн газар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гурван жилийн хугацаанд барьж, өргөн олон түмэндээ үүд хаалгаа нээх өдөр болж байна. Маргааш морин цаг буюу 11 цагт музейн нээлтийн ёслол болно. Нээлтийн арга хэмжээний үеэр төрийн есөн хөлт цагаан тугийг залах Ерөнхийлөгчийн тусгайлсан зарлиг гарсан” гэлээ.
Соёлын дэд сайд М.Батбаяр “Барилга угсралтын ажил цар тахлын амаргүй нөхцөл байдалд байсан ч 1.6 жилийн хугацаанд барьж, 2021 оны есдүгээр сарын 20-ны өдөр улсын комисс ашигласнаар энэ барилгыг байнгын ашиглалтад хүлээж авсан. Түүнээс хойш үзүүлэн дэглэлтийн ажил өрнөж, өнөөдөр үүд хаалгаа нээхэд бэлэн болсон байна.
Энэ барилга нь улсын төв цэг Сүхбаатарын талбайн баруун хойно хотын А хэсэгт байрлаж, нийт 20500 мкв талбайтай, есөн давхар, музейн зориулалттай барилга юм.
Энэ барилгын нийт талбайн 40 хувийг үзүүлгийн талбай эзэлнэ. Нийт зургаан давхарт буюу гуравдугаар давхраас, есдүгээр давхар хүртэл бүх танхим үзүүлгийн танхим байгаа. Цаана нь сан хөмрөгийн талбайнууд бий. Энэ барилга нь BMS буюу барилгын менежментийн ухаалаг системээр тоноглогдсон. Учир нь сан хөмрөг гэдэг асар их дурсгалыг авч ирээд хадгалж хамгаалах шаардлагатай байдаг. Гал унтраах систем гэхэд үзүүлгийн танхим болон бусад танхимуудад бороожуулах системийг ашигласан. Харин сан хөмрөгийн танхимд агаарыг вакумжуулах замаар үзмэрт ямар нэгэн гадны нөлөө үзүүлэхгүй байх нөхцлийг бүрдүүлсэн.
Энэ барилгыг манай үндэсний мэргэжилтнүүд хийж дуусгаж байна. Монголын уран барилгачид, нэрт архитектур Д.Балдан гэж хүн энэ зураг төсөлд ажилласан” гэв.
Видео мэдээллийг дээрээс үзнэ үү.