Бид энэ удаад “Utopia” гэрэл зургийн студийг онцолж байна. Тус студийн хувьд зурагчингүй. Өөрөө өөрийнхөө зургийг дарахаас гадна дарсан бүх зургаа файлаар авах боломжтойгоороо онцлог юм.
Тус гэрэл зургийн студийн давуу тал, ялгарах онцлог болон, хэрхэн үйлчлүүлэх талаар “Utopia” гэрэл зургийн студийн үүсгэн байгуулагч Б.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
Сайн байна уу. Анх яагаад энэ гэрэл зургийн студийг нээхээр болсон бэ?
Студийнхээ санааг анх ковидын үед хорионд байхдаа бодож олсон. Тухайн үед надад утастай холбогддог камер байсан. Утастайгаа холбож, өөрийгөө харж байгаад зургаа аваад үзэхэд их сонирхолтой санагдсан. Тэр үед хоёр, гурван цагийн турш өөрийнхөө зургийг дарсан байсан.
Зураг дарж байхдаа хүмүүс ингэж зургаа авбал их сонирхолтой юм байна. Фото зургийн студи гэхээсээ илүү энтертайнмент газар юм байна гэдгийг анзаарсан. Тэгээд л ийм студи нээхээр шийдээд, хийж эхэлсэн.
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД ӨӨРСДИЙН ДАРСАН БҮХ ЗУРГАА ФАЙЛААР АВАХ БОЛОМЖТОЙ
Танай студийн давуу тал болон бусад студиос ялгарах давуу тал нь юу вэ?
Хүмүүс студиор үйлчлүүлэхэд зурагчинд нь гоё санагдсан зураг үйлчлүүлэгчид нь таалагддаггүй. Эсвэл хэрэглэгч нь гоё гэсэн зураг зурагчинд нь таалагдахгүй байх асуудал үүсдэг. Мөн тэнд хоёр, гурван цаг ч юм уу, их хугацаа зарцуулж зургаа даруулсан ч зөвхөн угаалгах зургаа л авдаг. Гэтэл тэнд хүмүүсийн хөгжилтэй, мааз зургууд их байдаг. Бусад студи тэр зургуудыг нь өгдөггүй. Манайх бол бүх зургийг нь файлаар өгдөгөөрөө давуу талтай. Мөн өөрсдийн таалагдсан хэдэн ч зургаа угаалгаад авах боломжтой.
ХАМГИЙН ЭНГИЙН, ХӨГЖИЛТЭЙ, НАНДИН ЗУРГУУДАА БОЛОМЖИЙН ҮНЭЭР АВАХ БОЛОМЖТОЙ
Үйлчлүүлэгчид хэрхэн хүлээн авч байна вэ? Ихэвчлэн ямар насны хүмүүс үйлчлүүлж байна вэ?
Хүмүүст маш их таалагдаж байгаа. Гурван сарын хугацаанд 700 гаруй мянган захиалга авч, 140 орчим мянган зураг дарсан байна.
Манай үйлчлүүлэгчдийн 92 хувь нь эмэгтэйчүүд байдаг. 18-25, 26-35 гэсэн хоёр төрлийн насны эмэгтэй байдаг. Түүний 40-50 хувь нь жирэмсэн эмэгтэйчүүд үйлчлүүлдэг. Үлдсэн нь найзуудаараа ирж, үйлчлүүлдэг.
Жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд хэт ганган нүүр будалт хийлгээд, янз бүр болохоос илүү байгалиараа ирээд сар бүр зургаа авхуулдаг. Заавал гоё ганган гэхээсээ илүү яг ямар байсан, ямар байгаа гэдэг бодит зургуудаа сар бүр ирээд боломжийн үнээр авах боломжтой.
Үйлчлүүлэгчид нь зургаа хэрхэн дарах вэ. Зургаа авахдаа юунд анхаарах вэ?
Манай студид зурагчин байхгүй. Камер нь том дэлгэц дээр бүтнээрээ харагдаж байдаг. Гэрэлнүүд нь тааз хэсэгт байрласан учраас өнгөний хувьд гоё харагдана. Үйлчлүүлэгчид дэлгэцэнд өөрсдийн позийг харж, камериа удирдлагаар нь удирдаад, зургаа дарна. Зургаа дарахдаа дэлгэц рүү биш камер луугаа харах хэрэгтэй.
Мөн үйлчлүүлэхээр ирэхдээ гоё позны санаагаа бодоод ирвэл илүү цаг хэмнэж, чанартай, олон гоё зурагтай болох боломжтой.
Үйлчлүүлэх хугацаа нь ямар байдаг вэ? Найзуудаараа эсвэл ганцаараа очиход ямар хугацаа тохиромжтой вэ?
15 минут, 30 минут, нэг цаг гэсэн сонголттой.
- 15 минутад ганцаараа эсвэл хосоороо ороход тохиромжтой.
- 30 минутад 4-6 хүн орох тохиромжтой.
- Нэг цагт 8 ба түүнээс хүмүүс орох тохиромжтой.
“МАНАЙ СТУДИ ГОО ЗҮЙН БОЛОВСРОЛ Ч ОЛГОДОГ”
Манай студийг нээгдэхээс өмнө хүмүүс студид зураг авхуулах гэж зорьж очих тохиолдол нь гэр бүлийн зураг эсвэл хонхны баяр зэрэг чухал үед л очдог байсан. Бүх хүмүүст гэрэл зургийг нээлттэй болгож өгсөн учраас илүү чөлөөтэй, илүү энгийн харагдаж байна. Манайд хэд хэдэн бяцхан хэрэглүүр байдаг. Жишээлбэл, бариад зургаа авах цэцэг, зүүх чих, сандалны сонголт гэх мэт.
Мөн утсаа байршуулах хөл байгаа. Үйлчлүүлэхэд заасан хугацаатай учраас тэнд утсаа байршуулаад, видео хийх боломжтой. Сүүлийн үед хүмүүс рийлс их хийдэг болсон. Зургаа авангаа гоё рийлс ч хийх боломжтой.
Хүмүүс эхлээд нэг удаа үйлчлүүлээд учрыг нь олдог юм шиг байгаа юм. Дараа ирэхдээ нэлээн бэлдчихсэн, цагаан өнгө дээр ямар хувцас зохидог, бэйж өнгө дээр ямар өнгө зохидог гэдгээ мэдээд ирдэг. Хоёр, гурав дахь удаагийн зураг нь илүү чанартай болж эхэлдэг.
Миний ойлголтоор манай студи гоо зүйн талаас ч хүмүүст боловсрол олгож байгаа санагддаг.
Ярилцсанд баярлалаа.
Видеог дээрээс үзнэ үү.