Крымийг ОХУ-тай нэгтгэх гол гүүр гэгдэх Керчийн гүүр дээр өчигдөр өглөө зургаан цагийн үед томоохон дэлбэрэлт болсныг хэвлэлүүд мэдээлж байна.
Тодруулбал, Таманы хойг талын авто тээврийн зам дээр явж байсан ачааны машин дэлбэрч, улмаар түлш тээвэрлэж явсан вагоныг шатахад хүргэжээ. Гүүрний авто тээврийн хоёр зам нуран унасан байдалтай байна. Дэлбэрэлтийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд ойролцоо машинтай явж байсан гурван иргэн амь насаа алджээ.
Керчийн гүүр нь ОХУ Крымийг 2014 онд нэгтгэсний дараа 2018 онд байгуулагдсан. Керчийн хоолойгоор дамжин өнгөрөх энэхүү гүүрийг 2.7 тэрбум фунт стерлингийн өртгөөр барьсан. Тус гүүр 19 км-ийн урттай юм.
Крымийн парламентын дарга Владимир Константинов дэлбэрэлт болсонд "Украины сүйтгэгчид эцэст нь цуст гараараа Крымийн гүүр хүртэл хүрч чадлаа" гэж мэдэгджээ. Тэрээр үргэлжлүүлэн гүүрэнд учирсан эвдрэл нь "ноцтой шинж чанартай биш тул нэн даруй сэргээнэ" гэж нэмсэн байна. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гүүрэн дээр гарсан "онцгой байдлын" талаар мэдээлэл авч, засгийн газарт шалгалт явуулах тушаал өгсөн гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн. Энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар Оросын хэвлэлүүд мэдээлж байна. Энэ гүүр нь байлдаж байгаа Оросын цэргүүдэд хангамж нийлүүлэх гол суваг байжээ.
Украины талаас одоогоор албан мэдэгдэл хийгээгүй байна.
Эх сурвалж: BBC