Пүрэв гарагт Тайландад олон нийтийг цочроосон үйл явдал болсныг гадаадын олон хэвлэлүүд мэдээлсээр байна.
34 настай өмнө нь цагдаагийн албан хаагч байсан этгээд хүүхдийн өдөр өнжүүлэх төвд зэвсэгт халдлага үйлдэж, ойролцоогоор 36 хүний аминд хүрсний 24 нь хүүхдүүд байсан байна. Албаныхан хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоосон бөгөөд өмнө нь цагдаагийн албан хаагч байсан 34 настай Паня Камраб гэх этгээд байжээ. Тайландын цагдаа нарын мэдээлснээр хэрэгтэн энэ оны эхээр мансууруулах бодис хадгалсан хэргээр цагдаагийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Харин хохирогчдын дунд түүний эхнэр болон дагавар хүүхэд байсан гэв. Өөрөөр хэлбэл, цагдаа нар түүнийг гэр бүлийнхнээ хөнөөчихөөд өөрийнхөө амийг егүүтгэсэн гэж үзэж байна.
Паня Камраб энэ аймшигт хэргийг үйлдэхдээ зөвхөн галт зэвсэг бус хүйтэн зэвсэг мөн хэрэглэсэн талаар хэвлэлүүд мэдээллээ. Тэрээр аймшигт хэрэг үйлдсэнийхээ дараа гэртээ өөрийгөө хөнөөсөн байдалтай олдсон байна.
Тайланд нь галт зэвсгийн эзэмшлээрээ Зүүн өмнөд Азидаа тэргүүлдэг. Тодруулбал, 100 хүн тутмын 15 нь галт зэвсэг эзэмшдэг бол галт зэвсэгтэй холбоотой хэргээр Филиппиний дараа бүс нутагтаа хоёрдугаарт бичигддэг байна.
Эх сурвалж: CNN