УИХ-ын намрын ээлжит чуулганаар Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Төсвийн байнгын хорооноос анх удаа “Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг энэ сарын 19-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.
УИХ-аас төсвийг олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлж байгаа анхны тохиолдол юм. Энэ талаар өнөөдөр бюу /2022.10.07/ УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мэдээлэл хийлээ.
Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн энэ оны төсөв цар тахлын хүндрэлийг даван туулах, эрсдэлийг бууруулахад чиглэж байсан бол ирэх оны төсөв эдийн засгийг тогтворжуулах, тодорхой шинэчлэлүүдийг хийхээр төлөвлөснөөрөө онцлог гэдгийг мэдээллийнхээ эхэнд дурдлаа.
Төсвийн байнгын хорооноос ирэх оны төсөвтэй холбогдуулан урт хугацааны хөгжлийн бодлогыг дэмжих, микро, макро эдийн засгийг тогтворжуулах, өсөлтийг хангах, инфляцыг хязгаарлахад чиглэсэн бодлогыг баримтлан ажиллах аж.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “Хаалганы цаана төсөв хэлэлцэн, баталдаг жишгийг бид өөрчлөх болно. Монгол Улсын төсвийг хэлэлцэх, батлах үйл явцыг олон нийтийн өмнө нээлттэй, ил тод болгох үүднээс иргэдийн оролцоо, хяналтыг тавих боломжийг хангасан шинэ жишгийг тогтоосон хэлэлцүүлгийг зохион байгуулж байхаар болсон. Бид чуулганы завсарлагааны хугацаанд иргэний нийгмийн болоод төсвийн чиглэлээр мэргэшсэн албан байгууллагуудын удирдлагатай уулзаж төсвийн ил тод байдал, түүнд тавих хяналтыг сайжруулах тал дээр тодорхой реформыг хийх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Жил бүрийн улсын төсөвт үр ашиггүй зардал, хөрөнгө оруулалт, халамж тусгасан байна гэх зэргээр иргэдийн зүгээс шүүмжлэл их ирдэг. Тиймээс төсөв батлагдахаас өмнө энэ бүгдийг олон нийтээрээ хянах, зөвшилцөх, гарц шийдлийг хамтдаа эрэлхийлэх боломжийг бид бүрдүүлье. Цаашид бид төсвийн бодлого төлөвлөлт, ил тод байдлыг сайжруулах чиглэлээр хууль эрх зүйн шинэчлэлийг хийх шаардлагатай байна. Олон нийтийн хяналттай хэлэлцүүлэг зөвхөн төсвийн төсөл бус төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн тодотгол бүр дээр зохион байгуулагдана” хэмээн мэдээллийнхээ үеэр онцоллоо. Тэрбээр мэдээллийнхээ төгсгөлд олон нийтийн нээлттэй, хяналттай хэлэлцүүлэгт иргэд тэр дундаа төсөв, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн иргэний нийгмийн болоод мэргэжлийн судалгааны байгууллагуудыг идэвхтэй оролцож, ажил хэрэгч хандахыг уриаллаа.
Иргэд төсвийн төсөлд “D-Parliament” цахим хуудас, [email protected] мэйл хаягаар болон 51-262727 утсаар саналаа ирүүлэх боломжтой. Саналыг аравдугаар сарын 7-17-ны өдрүүдэд 10 хоногийн хугацаанд нээлттэй авах юм байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.