Ирэх оны төсөв дээр хөрөнгө оруулалтыг нэлээд танасан харагдаж байна. Энэ нь зөв үү буруу юу гэдэг нь харин ярих асуудал. Мэдээжийн хэрэг хэмнэлтийн хууль гаргасан учраас тодорхой хэмжээгээр хэмнэх нь зүйтэй.
Гэхдээ ирэх оны улсын төсөв дээрх миний байр суурь юу вэ гэвэл гишүүдийн тойрогтоо ашиглах төсвийг танасанд шүүмжлэлтэй хандаж байна. УИХ-ын гишүүд тойрог дээрээ төсөв батлахдаа хувьдаа ер тавьдаггүй.
Тэр тойрог дээр иргэдийн ярьж буй, зайлшгүй хийх шаардлагатай ажлууд нэмэлт төслүүд болон орж ирдэг. Нэг үгээр хэлбэл иргэдтэйгээр хамтарч хийх төслүүдээ шийддэг гэсэн үг.
Эдийн засгийн нөхцөл байдал муу байгаа учраас тэдгээр төслүүд дээр төсөв тавигдаагүй болохоос цаашид хийгдэх л ёстой ажил. Энэ төсвийг батлахгүй байвал хэн ч хийхгүй асуудлууд тойргуудад үлдэнэ.
Жишээ нь: Манай Сүхбаатарт дүүрэгт далан, инженерийн олон байгууламжууд гэх мэт ихэвчлэн нийтийн шинжтэй олон бүтээн байгуулалтууд энэ мөнгөөр хийгддэг. Эдгээрийг аль нэг бизнесийн байгууллага хувь хүн хийхгүй. Төсвөөс энэ мөнгийг зайлшгүй гэдэг утгаар хасаж болох ч цаашид тавих нь зөв.
Ирэх жилийн төсөв зарим талаараа хэт өөдрөг төсөөлөлтэй байна. Энэхүү төсөөллөөс үүсэх хүлээлт тэр хэрээрээ өндөр болно. Түүндээ хүрч чадахгүй байвал байдал илүү муу болно гэж харж байна. Зарим төсөөллөө бодит, амьдралтай ойрхон байлгах хэрэгтэй.