УИХ-ын намрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдааны үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ААН-үүдийн цахилгааны үнэ тарифыг арваннэгдүгээр сарын нэгнээс эхлэн нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Харин өрхийн хэрэглээний үнийн тарифыг нэмэхгүй гэлээ. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хуралдааны үеэр "Эрчим хүчний салбар өнөөдрийн байдлаар 432.8 тэрбум төгрөгийн онцгой шаардлага үүссэн байдалтай байна. Тиймээс 2019 оны хоёрдугаар улиралд эрчим хүчний үнэ тарифыг өсгөсөн. Харин энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс үнэ тариф өөрчлөх саналыг Эрчим хүчний зохицуулах хороонд гаргасан. Эхний ээлжид эдийн засгийн хүнд нөхцөлт өнөө үед айл өрхүүдийн цахилгаан, дулааны үнийг нэмэхгүй.
Харин 5,000 кВт хүртэл цахилгааны хэрэглээтэй ААН-ийн цахилгааны хэрэглээнд 14 хувь, үүнээс дээш хэрэглээтэй ААН-ийн цахилгааны хэрэглээнд 28 хувиар төлбөрийг нэмэгдүүлж тооцохоор болсон. Төлбөрийн чадамж өндөр уул уурхайн компаниуд, банк, үүрэн телефон, операторууд, криптовалют олборлогч нар гэх мэт санхүүгийн ачааллыг дааж чадах байгууллагууд 200 мянган кВт хүртэл 28 хувь, үүнээс дээш хэрэглээнд нь 38 хувийн нэмэгдэл тооцохоор болсон. Энэхүү шийдвэрийг гаргахад цаг нь мөн үү гэж судалгаа хийж үзсэн. Энэ тооцооллыг хийгээд нэмэгдүүлсэн тохиолдолд жилийн хугацаанд 280 орчим тэрбум төгрөгийн орлого олох боломжтой. Цахилгааны үнийн яаралтай нэмэгдүүлэхгүй бол гал алдах байдал үүсэж байгаа учраас аргагүй эрхэнд ийм шийдвэр гаргаж байгаа гэдгээ хэлье” гэлээ.