УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг өчигдөр буюу /2022.10.06/-ны өдөр АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулжээ.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр түүнийг өөрийн туслахаараа дамжуулан Хөгжлийн банкны дамжуулан зээлдэгч Капитал банкнаас 12.6 тэрбум төгрөгийг зээлж аваад эргэн төлөөгүй хэрэгт буруутган цагдан хорьсон байна. Энэ хэрэгт холбогдуулан түүний туслах, Шинэ намын дарга Г.Аюулгүйг мөн шалгаж байна гэлээ.
Мөн дээрх зээлийг авах үед Ж.Батзандан нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан бөгөөд зээл авахад нөлөөлсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон учраас саатуулсан гэлээ.
Үүнээс гадна, түүний төрсөн ах Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг уржигдар саатуулсан.
Энэ тухай Ж.Батзандан өчигдөр хэвлэлийн бага хурал хийсэн. Тэрээр хэвлэлийн бага хурлын үеэр ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан “Дүүтэй нь муудчихаад ахыг нь шоронд хорихоо боль. “Хүрэлсүх ерөнхийлөгч өө би таныг ядарч явахад олон удаа тусалж байсан.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрын Шадар сайд байхад та өөрөө өөрийгөө чагнасан гэдэг хэрэгт холбогдоод эрүүгийн хэрэгт таныг татаж байхад би таныг өмөөрч байлаа. 2018 онд Миеэгомбын бүлэглэл таныг унагах гээд дайрч байхад АН-ын гурван гишүүнтэй нийлж таны Засгийн газрыг авч үлдэж байлаа. Та өнөөдөр миний тусыг мартсан байж магадгүй. Гэхдээ өнөөдөр танаас нэг л зүйл хүсье.
Монголоо өөрчлөхийн төлөө, шударга ёсыг тогтоохын төлөөх эцсээ хүртэл явна гэсэн амлалтаа биелүүлэх үү. Бидэнтэй хүчээ нэгтгээч гэж танаас хүсэж байна" гэсэн юм.