Хүүхдийн эгч хөгжмийн зохиолч, Монгол улсын гавьяат багш С.Батболд хүүхэд багачуудад зориулсан 300 гаруй дуу зохиожээ. Түүний “Дэлхийгээ би мэднэ”, “Бага ангийн багшдаа баярлалаа”, “Миний ээж”, “Олуулаа”, “Говийн өглөө”, “Багачуудын ордон”, “Эрвээхэй” зэрэг дуунууд нь 40-өөд жилийн хугацаанд үе үеийн хүүхэд багачуудын дуулах дуртай дуу болон эгшиглэсээр байна. Биднийг хэдэн үеэр нь хүмүүжүүлсэн, балчир насны дурсамжийг хадгалж мөнхжүүлж өгсөн гэж хэлж болохуйц дуунуудаас нь энэ удаад “Бага ангийн багшдаа баярлалаа” дуу бүтсэн түүхийн талаар хүргэж байна.
Хөгжмийн зохиолч Соронзонболдын Батболд “Бага ангийн багшдаа баярлалаа” дуугаа 1986 онд зохиожээ. Дууны үгийг С.Бодоош агсан зохиож өгснөөр багш сурагчдын сүлд дуу болтлоо хоногшсон “Бага ангийн багшдаа” баярлалаа дуу мэндэлжээ. Тэрбээр энэ дуугаараа 1986 онд Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, зохиолчдын эвлэл, хүүхдийн төлөө фондоос зохиосон хүүхдийн шинэ дууны улсын уралдаанд шилдгийн шагнал хүртэж байжээ. “Хамгийн бахархам нь “Багачуудын ордон” дуу тэргүүн байр, “Бага ангийн багшдаа баярлалаа” дуу гуравдугаар байранд орж байсан түүхтэй” хэмээн С.Батболд багш ярив.
С.БАТБОЛД: БАГА АНГИЙН БАГШДАА БАЯРЛАЛАА ДУУ МИНЬ ОЛОН УЛСЫН ДУУ БОЛСОН
“Бага ангийн багшдаа баярлалаа” дууг зохиох анхны санааг би өөрөө олсон юм. Миний ээж бага ангийн багш байсан бага ангийн багш нарт зориулж дуу хийх санаа төрж пионерийн үнэн сонины гэрэл зурагчин байсан С.Бодоош ахад энэ талаар хэлэхэд тун удалгүй дууны шүлэг бэлэн болж энэ дуу төрсөн түүхтэй. Энэхүү дууг анх дууны дугуйлангийн шавь С.Жаргалмаа гоцолж ард нь найрал дууны сурагчид дуулсан бичлэг радиогийн алтан фондод бий. Дуу минь дэлхийн монгол туургатан хүүхэд бүрийн дуулах дуртай дуу болон эгшиглэсээр байна. Энэхүү “Бага ангийн багшдаа баярлалаа” дууг "АНУ-ын Арлингтон хотын ЕБДС-н сурагчид хөгжмийн багш Ж.Болормаагийн удирдлагаар монгол хэлээр маш цэвэр хэлж, сайхан дуулсан нь энэ дуу цар хүрээгээ тэлж дэлхийн дуу болсоны нэг нотолгоо гэж боддог юм.
“Бага ангийн багшдаа баярлалаа” дуу нь бага ангийн багш нарын сүлд дуу болсон гэж би хувьдаа баярладаг. Дэлхийн Монголчууд хүүхдүүдийн дуулах дуртай дуу болсоныг хөгжмийн зохиолч би өөрөө 2018 онд европийн орнуудаар аялан тоглолт хийхдээ мэдэрсэн юм. Герман, Франц, Бельги, Швэйд орнуудын Монгол сургуулийн хүүхдүүд “Бага ангийн багшдаа баярлалаа” дууг л бүгд дуулах дуртай байсан. Тэр нь их сайхан санагдсан. Францад байгаа хүүхдүүд “Бага ангийн багшдаа баярлалаа” дуу надад таалагддаг гэж ярьж байсан шүү. ЕБС-ийн Бага ангийн нэгдүгээр ангийн сурах бичигт энэ дуу минь байдаг. Дуу гэдэг хүүхдэд хүмүүжил олгодог. Танин мэдэхүйн гээд олон талын ач холбогдолтой байдаг. Уран бүтээлч хүн дуугаа олон жил амьдрахыг харах л үнэхээр сэтгэл хөдлөм сайхан байдаг юм” хэмээн гавьяат багш С.Батболд хуучилсан.
Ийнхүү 1986 онд зохиогдсон Бага ангийн багшдаа баярлалаа дуу тасралтгүй 36 жил дуулагдаж, багш шавийн барилдлагыг батжуулсаар байна. Сурагчдаа баяр талархлын үгтэй дуу дуулж, чин сэтгэлээсээ багшаа хүндэтгэхэд сэтгэл үнэхээр хөдөлдөг. Улам их хичээж ажилламаар санагддаг. Шавь нараараа эрхгүй бахархдаг хэмээн бага ангийн багш нар ярьж байлаа.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.