В.Путины “тархи” гэгдэх Оросын улс төрийн философич Александр Дугины охины унаж явсан машинд тэсрэх бөмбөг суурилуулж, хороосон хэрэг наймдугаар сарын 20-нд болсон. Энэ хэрэгт ОХУ Украиныг буруутгаж, сэжигтэй Украин эмэгтэйг хүртэл олон нийтэд ил болгоод байсан. Харин АНУ-ын тагнуулын албаныхан энэ хэргийн ард Украины засгийн газар байгаа гэж мэдээлсэн байна.
Энэ мэдээллийг өгсөн албаныхан Украины засгийн газраас хэн энэ даалгаврыг биелүүлэх тушаал өгсөн, халдлагыг хэн үйлдсэн, мөн ерөнхийлөгч Владимир Зеленский гарын үсэг зурсан эсэх талаар мэдээллийг ил болгоогүй байна. Энэ хэргийн талаар ОХУ-ын талаас тодорхой хариу арга хэмжээ аваагүй ч ийм халдлага нь Москваг Украины өндөр албан тушаалтнуудын эсрэг өөрийн гэсэн дайралт хийхийг өдөөн хатгаж болзошгүй гэж АНУ санаа зовж байгаа талаар Нью Йорк Таймс сонинд дурдсан байна.
ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA