Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монголын жүдоч Э.Ариунболд мөнгөн медаль хүртэн, дэлхийн дэвжээнд Төрийн далбаагаа мандууллаа.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ цолтой тэрбээр аваргын төлөөх барилдаанд Японы алдарт бөх Наохиса Такатод дийлдэв.
Э.Ариунболд дэлхийн дэд аварга болсныхоо дараа “ДАШТ-д анх удаа оролцоод шууд мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна. Дасгалжуулагч нартай ярилцаж, төвөвлөсөн барилдаанаа гаргаж чадсангүй.
Тамирчин хүний мөрөөдөлд дэлхийн аварга, олимпын наадам байдаг. Мөрөөдлийнхөө захаас атгасандаа баяртай байна. Өнөөдөр /өчигдөр/ тэмцээний эхний өдөр. Энэ зөвхөн эхлэл. Дэлхийн аварга, алтан медальтан төрнө гэдэгт итгэлтэй байна. Багийнхандаа амжилт хүсье.
Миний дараагийн зорилго мэдээж. Парисын олимпоос медаль хүртэх. Би жүдогийн спортоор 13 жил хичээллэж байна. 13 жил хөдөлмөрлөөд дэлхийн дэд аварга боллоо” гэв.