Сангийн яамнаас УИХ-ын даргад есдүгээр сарын 29-ны өдөр 2023 оны төсвийн төслөө өргөн бариад буй. Уг төсвийн төсөлд төсөвт байгууллагын цалин хөлс, байр ашиглалтын тогтмол зардлаас бусад тэвчиж болох урсгал зардлыг 50 хувиар, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний зардлыг 30 хувиар тус тус бууруулж ирэх онд нийт 204.4 тэрбум төгрөг хэмнэхээр тооцоолжээ.
Засгийн газраас төсвийн хэмнэлтийн бодлогыг нийтээр дагаж мөрдөх зорилгоор Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлж батлуулсан. Тэгвэл 2023 онд төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнд:
НЭГ: ДЭД ДАРГА, ОРЛОГЧ ДАРГА, ЗАХИРАЛЫН АЛБАН ТУШААЛЫН ОРОН ТОО, ЗАРДАЛ ТУСГААГҮЙ
Хуульд зааснаас бусад салбарт дэд, орлогч даргатай холбоотой төсөв хянаж тусгахгүй. Төсвийн сахилга батыг чангатгах, төсөвт байгууллагын ажиллах хүч, хүний нөөцийг үр дүнтэй байлгах зорилгоор Төрийн хэмнэлтийн тухай хуульд дэд дарга, захирал, орлогч дарга, орлогч захиралтай байхыг хориглосон байгууллагуудын төсөвт тухайн албан тушаалтай холбоотой орон тоо, зардлыг тусгаагүй.
ХОЁР: БҮХ ШАТНЫ АЛБАН БИЧИГ, ХУРАЛ ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖИНЭ
Төсөвт байгууллагыг хэмнэлтийн горимд үргэлжлүүлэн ажиллуулна. Бүх шатны төсөвт байгууллагын албан бичиг хөтлөлтийг цахим хэлбэрт шилжүүлэн, сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, Засгийн газрын шийдвэр гарснаас бусад баяр ёслол, тэмдэглэлт ой, урлагийн наадам, спортын уралдаан тэмцээн, салбарын өдөр, аялал зугаалга зэргийг зохион байгуулахгүй байх замаар холбогдох зардлыг хэмнэнэ.
БАЙГУУЛЛАГА, ХАМТ ОЛНЫГ СУРТАЛЧИЛСАН АЖИЛД ТӨСВӨӨС САНХҮҮЖҮҮЛЭХГҮЙ
Хууль тогтоомж, Засгийн газрын албан ёсны шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт, цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулахаас бусад зорилгоор байгууллага, хамт олныг сурталчлах, салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, контент, баримтат болон цуврал кино хийх, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгалын зардлыг төсвөөс санхүүжүүлэхгүй гэж төсөвлөсөн байна.