Өнөөдөр буюу /2022.10.06/-ийн өдрийн чуулганаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Х.Баделхан “Дэлхий даяар эдийн засаг, иргэдийн амьдрал ч мөн хүндхэн байна. Монгол банкны зүгээс мөнгөний хатуу бодлого явуулж, бодлогын хүүгээ нэмсэн. Арилжааны банкнууд зээлийн хүүгээ нэмж зээл өгч чадахгүй хүнд байдалтай байгааг ойлгож байна. Бусад улс орнуудтай харьцуулахад манай улсын арилжааны банкнуудын зээлийн хүү маш өндөр байна.
БИД ЯАГААД ГАДНЫН БАНК ОРУУЛЖ ИРЖ БОЛДОГГҮЙ ЮМ БЭ
Энэ нь 2000 онтой харьцуулахад буурсан үзүүлэлт хэдий ч өндөр хэвээр байна. Гэхдээ өндөр хүүтэй зээл авч, аж ахуй явуулаад орлого олно гэдэг нь маш хүнд. Бид гаднын банк оруулж ирж болохгүй юм уу. 1990 оноос манай улс зах зээлийн нээлттэй эдийн засгийн харилцаанд шилжсэн. Зах зээлийн нээлттэй харилцаанд шилжсэн бусад орнууд гаднаас хүү багатай банк оруулж ирээд зээл олгож байна. Нэг биш олон банк оруулж ирж байгаа улс орнууд байна. Бид яагаад гаднын банк оруулж ирж болдоггүй юм бэ? Энэ тал дээр Монголбанк ямар бодлого барьж байгаа вэ?" гэлээ.
МОНГОЛД САЛБАРАА НЭЭЕ ГЭЖ ГАДААДЫН НЭГ Ч БАНК ХАНДАЖ ИРЭЭГҮЙ
Түүний асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "УИХ-аас зээлийн хүү бууруулах стратегийг баталсан. Энэ хүрээнд зээлийн хүүг бууруулах, ялангуяа эх үүсвэрийн хүүг огцом бууруулсан. Үр дүнгээр зээлийн хүү жилийн 14 хувь хүртлээ багассан.
Гадаад орчны таагүй нөхцөл байдал эргээд бодлогын хүүгээ чангалах, хүүгийн нөхцөл хүндрэх аргагүй байдалд хүрсэн учраас бодлогын хүүгээ чангаруулаад явж байна. Дотоод эдийн засаг сэргээд ирвэл бодлогын хүү буурах нь нээлттэй.
ЗУРГААН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР БАЙСАН Ч ГУРАВ НЬ БУЦААД ГАРААД ЯВЧИХЛАА
Гадаадын банктай холбоотой асуудлаар өнөөдрийн үйлчилж байгаа хуулиар бол хувийн өмчтэй, гаднын арилжааны банк Монголд бие даасан салбар байгуулах бүрэн боломжтой. Хуулийн дагуу эхлээд төлөөлөгчийнхөө газрыг нээж, тодорхой хугацаа болсны дараа салбараа нээдэг. Монгол Улсад өнөөдрийг хүртэл зургаан банкны төлөөлөгчийн газар байсан боловч гурав нь буцаад гараад явчихлаа. БНХАУ-ын хоёр банкны төлөөлөгчийн газар, Японы нэг банкны төлөөлөгчийн газар байна. Гэхдээ хувийн секторын банк гэдэг үүднээсээ Японы банканд салбар нээж ажиллуулах боломж нь нээлттэй байгаа. Гэхдээ өнөөдрийг хүртэл Монголд салбараа нээе гэж гадаадын ганц ч банк хандаж ирээгүй. Бидний хувьд хууль, зохицуулалтынх нь дагуу шалгаад, зөвшөөрөл өгөхөд бэлэн байгаа.
Хэрэв төрийн өмчтэй банк байвал тусгай хуулийн зохицуулалттай. Эхлээд Засгийн газраас зөвшөөрлөө аваад орж ирэх зохицуулалт байдаг. Хувийн өмчтэй банкны хувьд нээлттэй байгаа. Одоогоор ямарваа нэгэн санал ирээгүй байна" гэж хариуллаа.