Өнгөрсөн шөнө Авлигатай тэмцэх газраас Зам, тээвэр хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг 48 цагийн хугацаатайгаар саатуулжээ. Түүнийг Дархан замын асуудалд холбогдуулан шалгаж байна. Тодруулбал, Дарханы замын хоёрдугаар багц ажлын явцад бусдад давуу байдал олгосон хэрэгт буруутган шалгаж эхэлсэн байдаг. Дарханы зам гацаанд орж, ажил таг гацсаны цаад шалтгаан нь хил гаалийн хорионд бус, эрх мэдэлтнүүдийн авлига хүнд сурталтай холбоотой гэдэг нь ийнхүү илэрхий болоод байгаа юм. УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн төрсөн ах тэрбээр яам тамгын газарт нөлөө бүхий газарт албан тушаал хашиж, өнгөтэй өөдтэй бүхий л газарт эрх ямба эдэлж ирсэн. Ж.Батзандан шударга ёсны төлөө хэмээн дүр эсгэж, шударга таван гишүүний нэг хэмээн өөрийгөө цоллож явахдаа ахыгаа ч даргын суудалд “шидэхээ” зохицуулсан хэрэг.
Ж.Батзандангийн төрсөн ах Ж.Бат-Эрдэнийг Дарханы замын асуудлаар буруутган шалгаж, баривчлахтай зэрэгцээд, тэр сурсан зангаа гаргаж эхлэв. Эхлээд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх рүү дайрч давшилсан мэдэгдэл хийж, улмаар “У.Хүрэлсүх намайг дарамталлаа” хэмээн нийгмийн сүлжээгээр мэдэгдэв. Угтаа тэр нь шударга ёсны төлөө Ерөнхийлөгчтэйгээ дайтсан хэрэг огт биш бөгөөд гагцхүү төрсөн ахынхаа булхай луйврыг хаацайлах гэж оролдсон улстөрийн дайралт гэж харж болохоор.
Одоогоос гурван жилийн өмнө МАН-ынхан дотоод тэмцэл хийж, тэр тэмцэлдээ Ж.Батзанданг ашигласан байдаг. Шударга таван гишүүн хэмээн өөрсдийгөө цоллож явсан тэд өдгөө бүгд эрх мэдэлд хүрч, шагнал урамшууллаа ч харамгүй авсан. Товчхондоо М.Энхболдыг улстөрийн тавцангаас холдуулсныхаа хариу болгож, албан тушаал наймаалцаад дууссан. Өөрөөр хэлбэл, шударга бус гэх үгээ тэд өөрсдөө уландаа гишгэцгээсэн юм. Ж.Батзандан Монгол Улсаас Австрали улсад суух элчин зөвлөхөөр ажиллаж байгаад ирсэн. Түүнийгээ Монголыг хөгжүүлэхээр “Цөллөгт” яваад ирлээ хэмээн “попорч”, олны дургүйцлийг төрүүлээд амжсан.
Ийнхүү аль ч төрийн үед эрх мэдэлтэнд тал засаж, наанаа шударга царайлдаг Ж.Батзандан болон түүний ах дүүсийн булхай луйвар илчлэгдэж, хуулийн байгууллагын хаалга татлаа. Тэр хариуд нь олон нийтэд хандан, гэгээрсэн дүр эсгэж, нөгөө л сурсан зангаараа чангаар орилж байна.