Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсгийг ахалж эхлээд байсан. Одоо бүр ҮХЦ-ийн дарга болохоор улайрч эхэллээ. Тэд албан тушаал наймаалцахаас ямар ч шидгүй…
Монголын зарим улстөрчид зарчим гэж огт мэддэггүй. Зөвхөн хар амиа хичээж, эрх мэдэлд хүрэхийн төлөө үхэн хатан зүтгэдэг. Үүнийг тод харуулсан хүний нэг бол Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр. Н.Энхбаяр төрийн гурван өндөрлөгийн суудалд гурвууланд нь заларч үзсэн. Тэр намынхандаа ад шоо үзэгдэж, хуулийн байгууллагын хаалга татсанаасаа хойш МАХН-аа байгуулж, 10 орчим жил өөрийн замаар явлаа. Гэвч нэг л өдөр тэр зарчмаасаа, үзэл бодлоосоо, мөрийн хөтөлбөр, мэдэгдлээсээ ухарч, өөрийн үзэн яддаг МАН-ынтайгаа эргээд нийлчихсэн. Ингэснийхээ шан хөлсөнд хүүгээ УИХ-ын гишүүн болгоод амжсан. Бас, сайдын суудал бэлгэнд авчихаад түүнийгээ сэмээрхэн зарчихсан гэх яриа ч улс төрийн хүрээнд өрнөдөг. Өөрөөр хэлбэл, улс орныг уруудуулан доройтуулагч, унхайгүй идэгч дарга нарыг Монголоос шахан зайлуулъя. Ард түмнээ жаргаая гэж ярьдаг байсныгаа хэдхэн хоногт мартаж орхисон. МАНАН бүлэлэл Монголыг залгих нь ээ гэж ярьдаг байсан бол одоо тэр дахиад л бүлэглэлийнхээ гишүүн болчихлоо.
Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр МАН-тайгаа эргэн нийлж, МАХН-аа татан буулгахаасаа өмнө юу ярьж, юу хэлж, ард түмэнд хандаад “Энэ бол миний хатуу зарчим. Та нарынхаа төлөө амиа өгөхөөс буцахгүй” гээд андгай тангараг тавьж байсан тухай эргэн сануулъя.
- Н.Энхбаяр ба түүний намын нөхөд шинэ дээд Үндсэн хуулийн төсөл гэгчийг боловсруулж, сүүлийн 4,5 жилд идэвхтэй гэгч нь танилцуулж байлаа. Үндсэн хуулийг цоо шинээр өөрчилж, МАНАН бүлэглэлээс нэн даруй салах ёстой. МАН, АН хоёр их хуралд байсан цагт Монголчууд нар үзэхгүй гэж чангаар орилж, ард түмнээр алга ташуулдаг байлаа.
- Үндсэн хуулиа шинээр бичих шалтгаан бол Хууль шүүхийн байгууллагын ялзралыг устгах явдал юм. Ингэж устгахын тулд шүүгчийг ард түмнээс сонгодог болох ёстой. Эрх баригчдын гар хөл болсон шүүх, ҮХЦ шударга бусын хонгилыг томруулсаар байна гэж эсэргүүцдэг байв.
- Монголчууд талхаа хувааж, өр зээлэндээ баригдаж, өлөн зэлмэн амьдарч байна. Үүнийг өөрчлөхийн тулд “Монгол хүний цалин амьдралд нь хүрэлцэхүйц байх ёстой гэсэн заалтыг Үндсэн хуульд нэн даруй оруулж, ард түмнийхээ амьдралын баталгааг сайжруулмаар байна гэж ч ярьдаг байлаа.
- Залуу гэр бүлийг дэмжиж, ”Үнэгүй орон сууц хөтөлбөр хэрэгжүүлнэ” гээд ард түмний тархийг угаасан, бэлэнчлэх сэтгэлгээг дэмжсэн хоосон амлалт өгч хүртэл ард түмнийг өөрийнхөө талд алга ташуулж байв. Ядарсан цөхөрсөн, аргаа барсан хэрэгцээнд нь дөрөөлж, аманд орсноо ярьж байсан удаатай.
- Миний ярьж байгаа бүхэн баталгаатай үнэн. Байгалийн баялаг ард түмний мэдэлд байна гэсэн заалтыг Үндсэн хуульдаа тусгаад бүх амлалтаа хэрэгжүүлнэ. Шударга ёсыг тогтооно гэж удаа дараалан ярьж байсан. Гагцхүү нэмэлт өөрчлөлт бус, цоо шинэ хууль хэрэгтэй гэдэг байлаа.
Харин тэр өнөөдөр энд ярьж байсан бүхнээ мартчихсан. “Үндсэн хуулиа цоо шинээр өөрчлөөд яах юм бэ” гээд бүр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, өөрийн үзэн яддаг, өөрийнх нь тодорхойлсноор Монголыг залгих гээд байдаг МАН-ынхныхаа захиа даалгавраар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг атгаж сууна. Бүр болоогүй, шигшин зэвүүцдэг ҮХЦ-ийнхээ даргаар очих тухай ч яриа улстөрийн хүрээнд гарах боллоо. Товчхондоо, тэр өнөөдрийг хүртэл зарчимгүй, зөвхөн өөрийнхөө эрх мэдэл, мөнгөний төлөө л явж байжээ гэдгийг олон нийт ойлгож байна.
Ийнхүү нам дамждаг улстөрчдийн гарт л Монгол улс сүйдэж байна.Улстөрчид зөвхөн мөнгөний төлөө бус, зарчимдаа үнэнч байдаг. Зарчмаасаа зөрсөн энэ мэт хүмүүсийг иргэд хурцаар шүүмжилдэг, хүрээллийнх нь хүмүүст улстөрийн боломж олгодоггүй, дахин итгэл хүлээлгэдэггүй болсон цагт л бид хөгжлийн тухай ярих боломж бүрдэнэ.
Видеог дээрээс үзнэ үү.