Энэ сарын 16-нд болох Хятадын коммунист намын XX их хурлын бэлтгэл ажил эцсийн шатандаа орж, энэ хуралд оролцох 2000 гаруй зочид, төлөөлөгчдийн нэрс тодорхой болсон. Тодруулбал, улс орон даяар XX Их хуралд оролцох 2296 төлөөлөгчийг сонгосон байна. Энэ удаагийн сонгуулийн хамгийн анхаарал татаж байгаа үйл явдал нь БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гурав дахь бүрэн эрх дахин хэрэгжих эсэх тухай юм.
Энэ хурал нь таван жилд нэг удаа болдгоороо онцлог бөгөөд БНХАУ-ын цаашдын таван жилийн эрх баригчдыг шийдэх чухал ач холбогдолтой. БНХАУ-ын төрийн мэдлийн Синьхуа агентлагийн мэдээлснээр Ши Жиньпин төлөөлөгчдийг сонгоход өөрөө биечлэн оролцож, үйл явцын талаар үе үе тайлан мэдээлэл авч байсан байна.
Учир нь төлөөлөгчид хуралдах үеэрээ намын төв хорооны гишүүдийг сонгоно. Харин төв хорооны гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ эрх баригч намын эрх мэдлийн төв болсон 25 хүнтэй улс төрийн товчоо, түүний дэргэдэх байнгын хороог сонгох учиртай. SOUTH CHINA MORNING POST сонины мэдээлснээр төлөөлөгчдийн дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь гурван хувиар нэмэгдэж, 27 хувь буюу нийт 619 гишүүдийг бүрдүүлжээ. Харин үндэсний цөөнхийн төлөөлөгчид 12 орчим хувийг буюу нийт 264 байгаа нь өмнөх намын хуралтай ижил байна. Ийнхүү БНХАУ-ын хамгийн чухал хурал болоход арав хоног үлдсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: SCMP