Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргынэ энэ оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 09 тоот захирамжийн дагуу “Улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлийн ажлыг эрчимжүүлэх олон талт арга хэмжээг Улсын хэмжээнд зохион байгуулах төлөвлөгөө батлагдсан.
Төлөвлөгөөнд ‘‘Хэлмэгдэгчдийн дурсгалын ногоон төгөл’’-ийг ‘‘Үндэсний цэцэрлэгт хүрээлэн’’ ОНӨТҮГ-т байгуулахаар, тус ‘‘Хэлмэгдэгчдийн дурсгалын ногоон төгөл’’-ийн орчинд Оросын Холбооны Улсын Коммунарка мужийн Бутово дахь тусгай обьектэд орших хэлмэгдсэн Монгол иргэдийнхээ гэгээн дурсгалд зориулан босгосон дурсгалын гэрэлт самбарын хувилбарыг босгохоор тус тус тусгагдсан.
Энэхүү дурсгалын самбар бүхий ‘‘Хэлмэгдэгчдийн дурсгалын ногоон төгөл’’ нь Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулаад зогсохгүй олон нийтийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх ялангуяа ЗСБНХОУ-д хэлмэгдсэн 249 хэлмэгдэгчдийн ар гэр, үр хүүхэд, гэр бүлийн гишүүд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр зочлох, дурсгалыг нь хүндэтгэх, дурсах орчинг бүрдүүлэх чухал ач холбогдолтой төдийгүй Улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах, хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх, өсвөр, залуу үеийг соён гэгээрүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж байгаа юм.
Учир нь хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд хэдэн арван мянгаар тоологдох Монгол үндэстэн, угсаатан хийгээд Монгол нутагт аж төрж байсан иргэд улс төрийн хилс хэрэгт холбогдон хэлмэгдсэн гэсэн тоо баримтыг судлаачид гаргасан байдаг.
Харин 1937-1941 онд Москва хотод нийт 60 гаруй үндэстэн, ястан бүхий 32 мянган хүмүүсийг хэлмэгдүүлэн цаазалснаас 400 гаруй нь Монгол иргэн байдаг бөгөөд Оросын Холбооны Улсын Москва хотын ойролцоо ‘‘Коммунарка’’ гэх цаазын газрын хөрсөн дор 10 мянгаас 11,4 мянган цогцос нийтийн шарилд оршуулагдан нойрсож байгаа хэмээн түүхчид үздэг.
Үүний дотор Монгол Улсын түүчээ, сор болсон Ерөнхий сайд А.Амар, Ерөнхий сайд П.Гэндэн, Улсын Бага Хурлын дарга Д.Догсом, Улсын Бага Хурлын орлогч дарга Д.Лосол, Сангийн сайд С.Довчин нарын зэрэг төр, нийгмийн зүтгэлтэнгүүд байдаг.
Москвад дуудагдаж, цаазын ял авсан Ерөнхий сайдууд, төрийн зүтгэлтнүүд, сэхээтнүүд болох Монгол иргэдийнхээ гэгээн дурсгалд зориулж тус хотын Коммунарка мужийн Бутово дахь тусгай обьект буюу буудан хороосон газарт нь 2001 онд дурсгалын самбарыг Монгол Улсын санаачлагаар босгосон хэдий боловч харьд хэлмэгдсэн Монгол иргэдийн шарил төрөлх эх орондоо оршуулагдаагүй байдал, тэдгээрийн үр хойчис дурсгалыг хүндэтгэх, дурсах боломж хязгаарлагдмал байгаа нь бодит үнэн тул Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяагийн санаачилгаар Нийслэлийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын салбар комисс, НИТХ-ын ажлын албатай хамтран өнөөгийн Оросын Холбооны Улсад буй гэрэлт самбар бүхий цогцолборын хуулбар хувийг төрөлх Монгол нутагт нь ‘‘Хэлмэгдэгчдийн дурсгалын ногоон төгөл’’-ийн орчинд цогцлоон ‘‘Үндэсний цэцэрлэгт хүрээлэн’’-д бүтээж байна.
Тэртээ он жилүүдийн гомдол харуусал, үнэнийг хайсан цөхрөл, олон жил хураасан нулимс, тулж түших эх орон, элгэн садангүй мэт харь гүрэнд хийгээгүй хэрэгт тулгагдан ялд унаж, амь насаа алдсан Монгол Улсын сор болсон Ерөнхий сайдууд, төрийн зүтгэлтнүүд зэрэг маш олон үндэсний сэхээтнүүдийн амьдрал, амь насаар тоглосон гунигт түүхийн гэрч болон бүтээгдсэн энэхүү дурсгалын самбарын зураг төслийг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, уран барималч Л.Болд 2001 онд гаргасан юм.
Коммунарка мужийн Бутово дахь тусгай обьектэд босгосон дурсгалын самбарыг хар өнгийн габро чулуугаар бүтээсэн бөгөөд талбайн суурийн чулууг хар өнгийн плитагаар өнгөлсөн байдаг. Харийн нутагт хар өнгийн чулуугаар бүтээсэн бол өөрийн төрөлх эх орон, газар шороондоо дурсгалын самбарыг боржин цагаан чулуугаар бүтээхээр шийдвэрлэж Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхтайвангийн “Үүдэн чулуу” ХХК-ийн хамт олноор бүтээлгэсэн юм. Мөн, НИТХ-ын Ажлын алба, Үндэсний Цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ, Нийслэлийн хот тохижилтын газар, гадна гэрэлтүүлэг, цэцэрлэгжүүлэлтийг өөрийн хөрөнгөөр тохижуулсан “СҮХЭСПАРТНЕРС” ХХК-ийн хамт олон болон бусад гар бие оролцсон хүн бүхэнд талархал илэрхийлье.
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛ УЛСЫН ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН КОМИСС