Мягмар гарагийн өглөө БНАСАУ Япон улсын дээгүүр баллистик пуужингийн туршилт хийсэн. NHK сувгийн мэдээлснээр БНАСАУ-ын харвасан пуужин нь 4000 км-т нисч, 1000 км өндөрт хүрсэн бөгөөд Номхон далайд унахаасаа өмнө агаарт 22 минут байсан байна. Ингэснээр сүүлийн 11 хоногт БНАСАУ нийт таван удаа пуужин харвасан тохиолдол болж байгаа юм. Японы засгийн газраас Зүүн Хойд Хоккайдо болон Аомори мужуудын галт тэрэгний үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, иргэдийг хоргодох байранд орохыг зөвлөсөн билээ. Түүнчлэн өчигдрийн туршилт нь БНАСАУ-ын энэ жил хийсэн 23 дахь пуужингийн туршилт болж байна.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис БНСУ-д айлчлахаас өмнө БНАСАУ хоёр удаа богино зайн баллистик пуужин харвасан. Түүнийг явсны дараа мөн хоёр удаа баллистик пуужин харваснаар бүс нутаг дахь “түгшүүр”-ийг үүсгээд байсан. Өнгөрсөн долоо хоногийн эхээр Япон, АНУ, Өмнөд Солонгос гурвалсан цэргийн сургуулилт хийсэн нь БНАСАУ-г өдөөн хатгахад хүргэсэн гэж шинжээчид үзэж байна. Харин гурван улс энэ зунаас эхлэн БНАСАУ-ын болзошгүй цөмийн туршилтын эсрэг бодит хариу арга хэмжээ авахаа удаа дараалан мэдэгдсээр байгаа юм.
Японы эрх баригчдын мэдээлснээр пуужингийн чиглэлийн ойролцоо нисэх онгоц, хөлөг онгоцонд гэмтэл учруулсан гэх мэдээлэл гараагүй ч гэнэт болсон энэ үйл явдал Японд тохиолдож буй онц байдал, аюул заналхийллийн талаар олон нийтэд мэдээлэх зорилготой “ховор” J-alert дохиог үүсгэсэн байна. Японы ерөнхий сайд Фүмио Кишида БНАСАУ-ын пуужингийн туршилтыг “зэрлэг үйлдэл” гэж тодорхойлсон бол БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёл өдөөн хатгалга хэмээгээд БНСУ-ын арми болон түүний холбоотнууд тохирох арга хэмжээ авна гэдгийг мэдэгдээд байна. Цагаан ордноос мөн эл туршилтыг хатуу буруушаалаа. Улмаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Адриен Ватсон БНАСАУ нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоол болон олон улсын аюулгүй байдлын хэм хэмжээг илт үл тоомсорлож, цаашлаад “тогтворгүй болгох” зорилготой үйлдэл гэж нэрлээд байна. Энэ удаагийн туршилтын эсрэг АНУ, Япон, БНСУ тэргүүтэй холбоотнууд хариу арга хэмжээ үзүүлэх нь тодорхой боллоо гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: CNN