“Хүүхдүүдтэй олон жил ажиллахаар өөрөө хүүхэд шиг, амархан гомдож уурлах гээд байдаг болчихсон” гэж ярих энэ дөлгөөхөн, эгэл эмэгтэй цэцэрлэгийн багшаар 10 жил ажиллажээ. Хүн бүр өөрийн зам, мөрийг дагаж амьдралын утга учир, үнэ цэнээ бий болгодог. Хүүхдэд хайртай, тэдэнгүйгээр энэ амьдралаа төсөөлж чадахгүй болсон тэрбээр тэтгэвэрт гартлаа энэ ажлаа үргэлжлүүлэх талаар, мөн мэргэжлийнхээ сайн сайхны тухай ярьж, мэргэжил нэгт багш нартаа, олон улсын багш нарын баярын мэнд дэвшүүлж байна.
Тэрбээр "Сайн байна уу. Намайг Оюунтуяа гэдэг. Цэцэрлэгийн багш мэргэжил сайхан. Хүүхдүүд дундаа бужигнаад ажиллах нь багшийн жаргал юм даа. Багш гэдэг мэргэжил бол миний амьдралын үнэ цэн.
Хөндлөнгөөс харж байгаа хүмүүст их л хэцүү харагддаг юм шиг байна билээ. Миний хувьд хүүхдүүдийн бужигнах чимээнээс жаргал мэдэрдэг. Стресстэх үе байлгүй яах вэ. Гэсэн ч нэг их төвөгтэй санагддаггүй. Харин ч хүүхдүүд маань цэцэрлэгтээ ирэхгүй болохоор, яасан бол гээд л санаа зовчихдог.
Миний хувьд ихэвчлэн хүүхдүүдтэйгээ найз шиг нь тоглох дуртай. Хүүхдүүд тоглоомын аргаар хөгжиж байдаг учраас найзынх нь, ээжийнх нь түвшинд байхыг эрмэлздэг. Хүүхдүүдээ эхлээд дасгахын тулд ээжийнх нь түвшинд байна. Одоо бол хүүхдүүд маань дассан учраас найзын түвшинд очсон.
Миний өглөө “Сайхан амарсан уу найз аа” гээд л эхэлдэг. Мөн хүүхдүүдээ хүнтэй сайхан мэндлүүлээд сургая гэсэн хүсэл эрмэлзлээр ажилладаг. Эцэг эх, хүүхдүүдийнхээ өмнө багш гэж хана үүсгэхийг огт хүсдэггүй. Манай ангид 36 хүүхэд байгаа. Тусгай хэрэгцээтэй нэг хүүхэд бий. Энэ хүүхдээ нийгэмшүүлэх тал дээр түлхүү анхаарч, хичээж байна.
Багш бүр сурагчдаа гэсэн чин сэтгэлийг тээж амьдардаг улс. Монголын сайхан багш нартаа багш нарын баярын мэнд хүргэе. Ажилд нь амжилт хүсье гэлээ.
Оюунтуяа багш дунд бүлэг хариуцаж ажилладаг. Ангийн багачууд нь багшдаа маш их хайртайгаа бидэнд хэлэхдээ, “Манай багш бидэнд гоё хоол өгдөг, шүдийг маань үргэлж угааж өгдөг зэргээр” ярьж байсан юм.