ЗТХ-ийн сайд С.Бямбацогт төмөр замын салбарт тулгамдсан асуудал гарц шийдлийн талаар санал солилцох нээлттэй уулзалтыг өнөөдөр /2022.10.04/ зохион байгууллаа.
Тэрбээр хэлэхдээ: “Улаанбаатараас Эрээн ороход нэг вагон ачаа 100 орчим сая төгрөгний үнэтэй байна. Чойроос Эрээн ортол нэг вагон ачаа 70 орчим сая төгрөг байна. Энэ нь дунджаар 3000 тн ачаа гэсэн үг. УБТЗ ачааг харьцангуй хямд үнээр тээвэрлэж байна. Энэ тээврийн үнээс шалтгаалан импортын бараа бүтээгдэхүүний үнэ өссөн гэж хэлэхгүй.
Задгай тээвэр зогсч контейнер тээвэр хийж байгаатай холбоотой бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орж байгаа. Тийм болохоор Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд тээвэр хийх боломжийг ойрын үед хийхээр ажиллаж байна.
Улаанбаатар төмөр зам ХНН-ийн үнэ тарифыг нэмэх Орос улсаас санал гаргасан. Олон жил алдагдалтай тарифаар ажилласан нь үнэн. Улаанбаатараас Эрдэнэт хүртэл 8100 төгрөг, автобусаар явахад 30 мянган төгрөг байдаг. Ийм хямд үнэтэйгээс болоод олон жил маш алдагдалтай ажилласан. Тарифаас 60 хувийн алдагдалтай дээрээс нь эрчим хүчний нүүрс, шатахуун тээвэрлэлт мөн 40-50 хувийн алдагдалтай. Тэгэхлээр цаашид бараа, бүтээгдэхүүний үнийг дахин өсгөхгүйн тулд УБТЗ үнээ нэмэхээс өөр аргагүйд хүрч байна.
Тэгэхлээр бид эхний ээлжид үе шаттай тарифыг нэмнэ. Экспортын транзит ачааны үнийг нэмж, үүнээс бий болгосон орлогоор УБТЗ-ын парк шинэчлэлт хийнэ.
Харин Дарханы замын хувьд бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгахаар ажиллаж байгаа. Тус бүтээн байгуулалтын ажил руу бүх цементийг явуулж байгаатай холбоотой зах зээл дээр цементийн үнэ өссөн гэх яриа гарсан. Энэ бол худлаа мэдээлэл.
Монголд гурван том цементийн үйлдвэр бий. МАК, Монцемент, Хөтөл зэрэг үйлдвэрүүд өдөрт тус бүр 3000 тонн цемент гаргадаг байсан. Гэвч наймдугаар сарын 15-наас Хөтөлийн цементийн үйлдвэр түр зогсч зах зээл дээр өдөрт 6000 тонн цемент нийлүүлэгдэж байна. Үүнтэй холбоотой 3000 тн цемент дутагдалд гарсан. Үүнээс болж цементийн үнэ өссөн.
Дарханы зам дээр өдөрт 700-800 тонн цемент хэрэглэж байгаа. Цементийг Дарханы зам руу татснаас болж өсөөгүй, Хөтөлийн цементийн үйлдвэр зогссоноос болж үнэ нь нэмэгдсэн.
Ямар ч байсан импортын цемент нэмэгдэж байгаа учраас ойрын хугацаанд цементийн үнэ бууна гэсэн тооцоололтой байна" гэлээ.