Уул уурхайн салбараас хараат манай улс ирэх оны төсвийн орлогоо бүрэн олж чадах уу гэдэг нь бас л сорилт дагуулсан сэдэв хэвээр байна. Ирэх оны төсвийн орлогыг 19,6 их наяд төгрөг байхаар тооцоолоод байна. Үүнээс 132,7 тэрбум төгрөгийг тогтворжуулалтын санд, 540 тэрбумыг ирээдүй өв санд төвлөрүүлж 18,9 их наядын тэнцвэржүүлсэн орлого олохоор тооцсон байна.
Төсвийн орлогын дийлэнх хувийг татварын орлого бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, иргэд та бид, татвар төлөгч бид бүхэн улсынхаа төсвийн орлогыг хамтран бүрдүүлж, түүнийг нь Засгийн газар захиран зарцуулдаг. Захиран зарцуулах эрхийг нь УИХ-аас баталж, төсвийг нь баталгаажуулж өгдөг гэсэн үг. 2023 оны төсвийн задаргааг харахад нийт орлогын 90,2 хувь нь татварын орлогоос бүрдүүлнэ. Татварын орлого дотроо 4,5 их наяд буюу хамгийн ихийг НӨАТ бүрдүүлнэ. Үүний дараагаар нийгмийн даатгалын сангийн орлого 3,6 их наяд, АМНАТ буюу ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар 3,5 их наяд төгрөгийн орлогыг төсөвт тус оруулах нь. Энэ гурван төрлийн орлого нийлээд төсвийн 59 хувийг бүрдүүлж байна.
Уул уурхайн орлого тасалдахад ирээдүйн өв сангийн орлого тасалдах эрсдэлтэй. Ингэснээр хүүхдийн мөнгө, цаашлаад цалин тэтгэврээ тавьж чадахгүй байдал үүснэ. Тиймээс уул уурхайн салбартаа онцгой анхаарах шаардлагатайг ч эдийн засагчид сануулсаар байна. Учир нь төсвийн орлогын 25 хувийг нь уул уурхайн салбараас бүрдүүлж, нийт 4,9 их наяд орчим төгрөг олно гэж тооцжээ. Ингэхдээ 1,4 сая тонн зэсийн баяжмалыг 8400 ам.доллараар экспортлох, мөн 36,5 сая тонн нүүрсийг 110 ам.доллар байхаар тооцож орлогыг төлөвлөөд байна. Гэвч Орос-Украины дайн, олон улсын зах зээл, БНХАУ-ын цар тахлын нөхцөл байдлын тодорхойгүй байдал зэргээс шалтгаалж, энэ төлөвлөлтдөө хүрч чадахгүй байх эрсдэлтэй хэмээн үзэж байна.
Манай улс энэ онд 36,9 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөөд байсан. Гэвч хил гаалийн асуудлаас шалтгаалж, энэ зорилтдоо хүрч чадахгүй нь тодорхой болсон. Тиймээс төсөвт тодотгол хийж, энэ хэмжээг 18 сая тонн болгон бууруулсан юм. Тиймээс төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлбөл дахин эрсдэлд орох магадлалтай хэмээн эдийн засагчид сануулж байна. УИХ энэ долоо хоногоос ирэх оны төсвийг хэлэлцэж эхэлнэ.