Намрын чуулгантай зэрэгцэн ирэх өдрүүдийн улстөрийн бужигнаан албан ёсоор эхэллээ. УИХ-ын гишүүд ухаан орсон юм шиг, муйхраар зүтгэх, ухаантай царайлах гээд амьдралаас тасарсан мэдэгдэл хийх нь эрс нэмэгдэх нь гарцаагүй. Түүний илрэл болж, өчигдөр төрийн ордонд амтай бүхэн хүүхдийн мөнгөний тухай мэдэгдэв. Юу юугүй л “Хасъя, таная” гэж улайрцгаах аж. Энэ нь төсвөө хэмнэж, нийтэд таалагдах гэж оролдсон эхний алхам нь.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдэхдээ “Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд олгохоор болсон нь зөв. Цаашдаа ч үүнийг дорвитой буулгах хэрэгтэй. 80 хувь руу оруулах боломжтой гэж бодож байна” гэж ярьсан нь нийтийн бухимдлыг төрүүлэв. Ирэх оны төсвийг боловсруулахдаа хүүхдийн мөнгөнд 1,4 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. 3,5 сая ба түүнээс дээш төгрөгийн орлоготой өрхүүдээ өндөр орлоготойд тооцож, мөнгийг нь хасахаар тооцож байгаа юм. Манай улсын нийт өрхийн 9 хувь нь л 3,5 сая ба түүнээс дээш төгрөгийн орлоготой гэдэг тоо энд мөн гуниг төрүүлэхээр. Төр нь илүү хөдөлмөрлөсөн хэсгээ баян хэмээн гадуурхаж, хүүхдийнх нь тоог ч огт харгалзаж үзэлгүй хүүхдийн мөнгөнөөс нь хасаж орхив.
Хүүхдийн мөнгө бол байгалийн баялгаа иргэддээ хүртээх замаар хүн амаа өсгөх бодлого. Өмнөх Ерөнхийлөгч нарын үед ч үүнийг “Хүн амаа өсгөх бодлого болохоос биш, халамж биш” хэмээн мэдэгдэж байлаа. Гэвч тэгш байх зарчмаа уландаа гишгэж, хүүхдийн мөнгийг ялгавартай олгохоор болсон нь улстөрчид Үндсэн хуулийн суурь зарчмаа мэддэггүйг харуулсан үйлдэл болж байна.
Тухайлбал, МАН-ын гар хөл болж, тэдэнд үйлчилдгээрээ гаршсан ХҮН-ынхан өчигдөр мэдэгдэхдээ “Хүүхдийн мөнгийг 20 хувиар хас. Орлого өндөртэй төрийн өмчийн компанийн захирлууд, гишүүд, сайд нар мөн бизнесийн салбарынхны хүүхдүүдэд хүүхдийн мөнгө өгөхөө болих хэрэгтэй. Тухайн өрхийн нэг хүнд ноогдох өрхийн орлого нь нэг сая байвал хүүхдийн мөнгөнөөс чөлөөлөх бүрэн боломж байна” гэв. Өнөөдөр төгрөгийн ханш бусад валютуудтай харьцуулахад огцом унаж, цалин цаас болон хувирч байна. Гэтэл улстөрчид өөрсдийнхөө албан томилолт, унааны мөнгөнөөс хасахын оронд хүүхдүүдээ ялгаварлаж, сарын 2-3 сая төгрөгийн орлогтой иргэдээ баян цатгалан хэмээн даапаалж, мэдрэмжгүй аашилсаар байна.
Ийнхүү чуулганы эхний өдөр л улстөрчид тараа таниулж, хуулийн гаргалгаагүй, хүний эрхийн мэдрэмжгүй аашилж эхлэв. Тэдний цаашдын зорилтод туссанаар бол 2 сая төгрөгийн орлоготой айлууд ч удахгүй өндөр орлоготой гэр бүлд тооцогдож эхлэх нь. Ийм л хууль тогтоогчидтой парламент удахгүй ирэх оны төсвийг хэлэлцэж эхлэх нь. Хэлэлцүүлгийн явцад тэд улам л тараа таниулна.