Харийн нутагт амьдран, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа монгол залуус цөөнгүй. Тэдний нэг нь бүжигчин Нэргүйн Онондарь. Өдгөө Германд амьдардаг тэрбээр дэлхийн 11 удаагийн аварга “Grun gold” хамтлагийн гишүүн. Н.Онондарь тус хамтлагийнхны хамт ДАШТ, Германы аваргад тус бүр гурав, Европын аваргад нэг удаа түрүүлээд буй. Дэлхийн аваргад түрүүлж, 17 жил тээсэн мөрөөдөлдөө хүрсэн Н.Онондарь монгол бүжигчин дэлхийн аварга болж чадахыг батлан, анхны жимийг нь гаргасан гавьяатан. Дэлхийн аваргад түрүүлсэн монгол бүжигчин түүнээс өөр үгүй.
Багийн тэр тусмаа бүжгийн спортод тамирчин бүхний оролцоо чухал. “Grun gold”-ын гаргасаар буй амжилтад Н.Онондарийн оролцоо, үүрэг чухал нөлөө үзүүлж байгаа нь мэдээж.
ДЭЛХИЙД АЛДАРТАЙ “GRUN GOLD” ХАМТЛАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНД ИНГЭЖ БАГТЖЭЭ
Н.Онондарь багаасаа Германд сурах хүсэлтэй байсан нь 2015 онд биелсэн. Анхандаа хэл сурахын зэрэгцээ нийгмийн ажлаар тэнд очсон юм билээ. Хүний нутагт очсоныхоо дараа Германд жил бүр болдог фестивальд оролцож байх үеэр нь “Grun gold”-ын дасгалжуулагч Роберто Албанесе түүнтэй уулзан, хамтлагтаа бүжиглэхийг урьжээ. Н.Онондарийн бүжиглэх ур чадвар, гадаад төрх, бусадтай харилцах чадвар түүний анхаарлыг татсан юм билээ. Гэхдээ Н.Онондарийг хамтлагтаа шууд аваагүй. “Манай хамтлагийнхантай бүжгийн бэлтгэл хий. Ур чадварыг чинь харгалзаж байгаад явцын дунд хэрхэхээ шийднэ” хэмээн хэлсэн гэдэг. Түүнийх нь дагуу Н.Онондарь 2016 онд хамтлагийнхантайгаа хоёр сар бэлтгэл хийжээ.
Тэр жил Н.Онондарь Германы болон ДАШТ-д оролцохын төлөө зүтгэсэн ч эрүүл мэндийн шалтгааны улмаас чадаагүй. Улмаар тухайн оныхоо аравдугаар сард Монголдоо ирж, жил гаруй эмчилгээ хийлгэн, биеэ тэнхрүүлжээ. Тэглээ гээд Н.Онондарь бууж өгөөгүй. Харин ч бүр өөрийгөө хурцлан, 2017 оны арваннэгдүгээр сард Германд буцаж очжээ. Тэгээд “Grun gold” хамтлагтай гурван жилийн гэрээ байгуулсан юм. Ер нь Н.Онондарь яг “Grun gold” шиг хамтлагийн гишүүн болохыг багаасаа мөрөөджээ.
Хамтлагийнхаа гишүүн болсон талаараа “Дэлхийн аваргад би “Star” хамтлагаас 2012, 2014 онд оролцсон. Тухайн үед Германы хамтлагийг харчихаад үнэхээр биширч байлаа. Германд очоод дасгалжуулагчаасаа санал авах үед өөртөө итгээгүй. Шууд ер нь тэмцээнүүдэд оролцож чадаагүй. Эхний нэг жил сэлгээгээр явсан.
Өдөр бүр тэмцэх шаардлага гарч байсан. Бүх зүйл дээр. Өдөр бүр тэмцэж байж би яг энд хүрсэн. Тэрнээс биш нэг өдөр шууд өөрчлөгдөөгүй” гэв.
Монгол, Германы бүжгийн спортын дэг, сургуулилалт ондоо. Хүний нутагт амьдрахад хэлний бэрхшээл, соёлын ялгаанаас авхуулаад “зовлон” их. Бүжиглэж, сурахын зэрэгцээ цагийн ажил хийдэг нь түүнд нэлээд дэм болдог гэнэ. Бусадтай харилцах тусам хэлнийх нь мэдлэг улам ахисаар байгаа нь мэдээж.
Дэлхийн 11 удаагийн аварга хамтлагт бүжиглэхийг хүн бүхэн хүснэ. Нөгөө талаар нэг л хүн өчүүхэн алдаа гаргахад багийн амжилт хойш татагдана. Тиймээс алдах эрх байхгүй, хүн бүхэнд. Энэ хэрээр жаахан л алдаа гаргавал багаасаа хасагдах эрсдэл хүн бүхнийг отож байгаа. Н.Онондарийг ч мөн адил. Энэ бүхнийг хэрхэн даван туулж яваа талаараа “Манайх дэлхийн 11 удаагийн аварга баг. Хариуцлага, дарамт нь аймар өндөр. Бусад улсын бүх бүжигчин манай багт орох хүсэлтэй байдаг. Заримдаа ирж, эхний хоёр сар проб бэлтгэл хийдэг. Тэнцэхгүй бол шууд гаргачихдаг. Хэн чадаж байгаа нь орно. Чадахгүй байгаа нь гарна. Ойлгомжтой. Тэр хэрээр хасагдчих вий гэсэн айдас бүх бүжигчинд бий. Зөвхөн би гэлтгүй манай багийн Герман бүжигчдэд ч гэсэн аймар хэцүү байдаг” гэлээ.
“Grun gold” хамтлагийн бэлтгэл, тэмцээний бүх зардлыг цаанаас нь даадаг. Тэд холбоондоо сар бүр хураамж төлдөг. Үүний сацуу томоохон арга хэмжээ, хүлээн авалтад бүжиглэж олсон мөнгөөрөө санхүүгийн зарим асуудлаа шийддэг юм билээ.
ДАШТ-д ТҮРҮҮЛЭХИЙГ 17 ЖИЛ МӨРӨӨДЖЭЭ
Н.Онондариар хүчээ сэлбэсэн “Grun gold” хамтлагийнхан жил гаруйн хугацаанд багийнхантайгаа бэлтгэл хийгээд 2018 оны ДАШТ-д оролцсон юм. Дэлхийн шилдэг хамтлагийн бүжигчин болох нь нэр төрийн хэрэг. Ялангуяа бүжгийн спортоор дэлхийд ноёлдог Германы хамтлагийн бүрэлдэхүүнд багтана, тэднийг төлөөлөн ДАШТ-д оролцоно гэдэг том амжилт. Нөгөө талаар тэр хэрээр шалгуур өндөртэй нь мэдээж. 2018 онд л гэхэд “Grun gold” хамтлагийнхан жилийн турш 16 бүжигчин бэлдэж, наймыг нь сонгоод ДАШТ-д оролцуулжээ. Тэдний нэгт нь Н.Онондарь багтсан юм.
Н.Онондарь дэлхийн аварга болохыг 17 жил мөрөөдөж, уйгагүй хөдөлмөрлөсөн. Тэгснийх нь үр дүн гарч, мөрөөдөлдөө хүрсэн юм. Гэхдээ тийм ч дардан замаар хүрээгүй. ДАШТ-ий үеэр “Grun gold” хамтлагийнхан гурван үзүүлбэр үзүүлсэн юм. Шигшээд өрсөлдөх үеэр Н.Онондарийн гар хальтиран, азгүй тохиолдлоор том алдаа гаргажээ. Тэгэхэд ёстой шоконд орж, багийнхныгаа хөөдчихлөө, амжилтаас нь хойш татчихлаа гэж бодоод их харамссан гэнэ. Тэмцээний дүн гартал түүний санаа зовсон юм билээ. “Grun gold”-ынхон ДАШТ-д бүжсэн шинэ үзүүлбэрээ зургаан сар гаруй хугацаанд уйгагүй бэлдэн, давтжээ.
Н.Онондарь ДАШТ-ий алтан медаль хүртээд зогсож байхдаа ер сандраагүй “За, ингээд дэлхийн аварга боллоо, зорилгодоо хүрлээ л гэж бодсон” гэнэ.
Тэрбээр “Дэлхийн аварга болж, Германы төрийн дуулал эгшиглэх мөчид би сэтгэлдээ эх орноо, аав, ээжээ л боддог” гэсэн юм.
Н.Онондарь 2018 онд дэлхийн шилдгүүдтэй гурав дахь удаагаа өрсөлдсөн болохоор өмнөхөөсөө хавьгүй туршлагатай байсан юм билээ. Н.Онондарь ДАШТ-д өмнө нь 2012, 2014 онд Монголоосоо бүжиглэн, зургаан жилийн өмнө X байрт шалгарсан юм. ДАШТ-ий дараа аав, ээж хоёр нь “Охиноороо бахархаж байна” гэж хэлсэн нь түүний сэтгэлд хамгийн тод үлдэн, их урам өгчээ.
ГЕРМАНД СПОРТЫН СЭТГЭЛ ЗҮЙЧ МЭРГЭЖЛЭЭР СУРДАГ
Н.Онондарь Германы Бремен хотын их сургуульд спортын сэтгэлзүйч мэргэжлээр сурч, сургуулийнхаа дотуур байранд амьдардаг. Ирээдүйд мэргэжлээрээ ажиллан, Монголынхоо олон тамирчныг амжилт гаргахад нь дэм болохыг хүсдэг гэнэ. Бүжгийн спортоор хичээллэн, сурахын зэрэгцээ хажуугаар нь ажил хийх амаргүй. Тиймээс бүх ажлаа нарийн хуваарийн дагуу төлөвлөн, бусдын итгэлийг алдахгүйг хичээдэг гэнэ. Н.Онондарь өглөө хичээлдээ яван, үдээс хойш ажлаа хийж, орой бэлтгэлээ хийдэг. Ер нь 24.00 цаг дөхүүлээд харьдаг юм билээ. Заримдаа ажил нь амжихгүй явсаар шөнө харих ч үе бий гэнэ.
Германд амьдрахад өртөг өндөртэй. Н.Онондарь цагийн ажил хийдэг болохоор цалингаараа бүхнийг зохицуулахад бэрх. Заримдаа цалин нь хэрэглээнд нь хараахан хүрдэггүй гэнэ. Тийм үед эцэг, эхээсээ санхүүгийн тусламж хүсдэг юм байна.
Түүнээс мөрөөдлийнх нь тухай асуухад “Нэг их том биш ээ. Хэний ч өмнө хэлэх үгтэй, хийсэн юмтай, нүүр бардам амьдарвал л болоо. Мэргэжилдээ тэргүүлэх хэмжээнд өөрийгөө хөгжүүлж, бүжгийн спортын хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсдэг” хэмээн даруухан хариулав.
ТАВАН НАСТАЙДАА БҮЖИГЛЭЖ СУРЧЭЭ
Н.Онондарийг таван настай байхад ээж нь түүнээс “Төгөлдөр хуур, бүжгийн аль нэгээр нь сурах хэрэгтэй. Алийг нь сонгох вэ” гэж асуухад нь бүжиг гэж хариулснаа ер мартдаггүй гэнэ. Тэгэхэд ээж нь түүнийг Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд оруулжээ. Бүжгийн спорт Монголд дөнгөж хөгжиж байсан үе л дээ. Тэнд 11 нас хүртлээ бүжиг заалгаад Мөнгөнхуяг багшийн шавь болсон юм. Н.Онондарийн гэрийнхэн бүгдээрээ бүжгийн спортод эвсэлтэй, хорхойтой, элэгтэй гэнэ лээ.
ГАНЦХАН ЖИЛ ХИЧЭЭЛЛЭЭД БОДИБИЛДИНГ, ФИТНЕСИЙН УЛСЫН АВАРГА БОЛСОН
Н.Онондарь цөөнгүй авьяастай. Бүжгийн спортоос гадна бодибилдинг, фитнесээр хичээллэдэг. Ганцхан жил хичээллээд бодибилдинг, фитнесийн улсын аварга болсон ховор амжилт түүнийх. Тэрбээр эл спортоор хичээллэсэн жилээ буюу 2015 онд УАШТ-д түрүүлсэн юм.
Түүнд УАШТ-ээс гадна олон тэмцээний түрүү, медаль бий. Харамсалтай нь, одоо эрүүл мэндийн шалтгааны улмаас бодибилдинг, фитнесийн бэлтгэл хийн, тэмцээнд оролцож чадахгүй байгаа гэнэ.
“БИ БҮЖИГЛЭЖ ЧАДНА” ШОУНД ТҮРҮҮЛСЭН
Бүжгийн спортоор 18 дахь жилээ хичээллэж буй Н.Онондарь УАШТ-ий зургаан алтан медальтай. Тэрбээр цөөнгүй тэмцээн, шоунд өөрийгөө сорьсны нэг нь “Би бүжиглэж чадна”. Тус шоунд 2011 онд оролцохдоо түрүүлж, олны талархлыг хүлээсэн юм.
Н.Онондарь чөлөөт цагаараа усанд сэлэн, ном унших дуртай. Заримдаа өдөржингөө орноосоо босолгүй унтах дуртай, тэгэхээр нуль кайф мэдэрч, эрч хүч авдаг гэнэ.
Н.Онондарь өдгөө Германы багаасаа чөлөө авч, эх орондоо ирээд байгаа юм. Энэ талаараа “Би сүүлд Европын аваргад зургаадугаар сард оролцсон. Хичээлдээ, мэргэжиллээ анхаарах, цаг гаргахын тулд хамтлагаасаа чөлөө авлаа. Дасгалжуулагч маань намайг аль болох авч үлдэхийг хичээсэн. Бүжгээ түр хойш тавиад, судалгааны ажилдаа их анхаарна.
Илүү сайн мэргэшсэн мэргэжилтэн болно, өөрийнхөө сурч байгаа мэргэжлээр. Энэ л миний хамгийн том зорилго” гэв.
Н.Онондарь эх орондоо түр хугацаанд амрахын зэрэгцээ “Star” хамтлагийг дэлхийн аваргад бэлдэж байгаа юм. Ийм нэгэн бүсгүй дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтан, монгол бүжигчний ур чадварыг гайхуулж, эх орныхоо нэрийг дуурсгаж явна.