Олон иргэд асуудал гарсны дараа хуулийн үйлчилгээ хайж эхэлдэг. Зүй нь тэр асуудлыг гарахаас сэргийлж эрх зүйн мэдлэгтэй байх, хуулийн зөвлөгөө авбал цаг хугацаа, санхүү гээд олон зүйлийг хэмнэнэ. Энэ асуудлыг шийдвэрлэхээр Монголын анхны хууль зүйн цахим платформ ажиллаж байна. Legal academy төвийн гол зорилго нь хуульч, өмгөөлөгч нарыг мэргэшүүлэх, мэргэжлийн ажил дээр нь дэмжлэг үзүүлэхээс гадна энэ салбарт сонирхолтой хэнийг ч дэмжин, сургалтад хамруулах орчин бүрдүүлжээ.
Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг бид Монголдоо анхдагч хууль зүйн цахим платформ “Легал академи”-ийн зөвлөх Н.Гансүхээс тодрууллаа.
Тэрбээр, Хуульчийн мэргэжил дэлхийн хэмжээнд эрэлттэй хэвээр байсаар байна. Энэхүү мэргэжил нь өөрийн гэсэн онцлогтой бөгөөд уг мэргэжлийг эзэмших тийм ч хялбар биш. Монгол улсад хууль зүйн чиглэлээр сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг 16 их, дээд сургууль байдаг. Суралцагсад сургуулиа төгсөхдөө улсын шалгалт өгөх ба түүний дараагаар мэргэжлээрээ 2 жил ажиллаад хуульчийн мэргэжлийн шалгалт өгдөг. Улмаар өмгөөлөгч, шүүгч болох тохиолдолд мөн л сонгон шалгаруулалтад ордог тогтолцоотой. Иймд хуульч болох, болсны дараа мөн мэдлэгээ шинэчлэн нэмэгдүүлж байх шаардлагатай байдаг. Ийнхүү хууль зүйн сургуульд суралцаж байх үед, түүний дараа ч мэдлэгээ шинэчлэн дээшлүүлэх явдалд Легал академи дэмжлэг үзүүлж орон зай, цаг хугацааг үл харгалзан дэлхийн хаанаас ч, хүссэн цагтаа, үр нөлөөтэй хууль зүйн сургалтыг авах боломжийг бий болгох зорилготой.
Мөн нэгэнт практикт ажиллаж байгаа хүмүүст өөрийн карьерыг дээшлүүлэх, төрийн албанд ажиллахад хууль, эрх зүйн мэдлэг шаардлагатай болдог. Түүнчлэн хуульч, шүүгч, прокурор, хүний эрхийн төлөө ажилладаг хүмүүс өөрийн мэдлэгээ өдөр бүр шинэчлэн дээшлүүлэх хэрэгцээ шаардлага өндөр байдаг.
“Легал академи” нь хууль зүйн салбарын мэдлэг олгох, мэргэшүүлэх, давтан сургах чиглэлээр цахим болон танхимын сургалтыг тасралтгүй зохион байгуулж тодорхой хугацааг ардаа үдээд байна. Тухайлбал, бид хуульчийн мэргэжлийн шалгалт, нотариатчийн мэргэшлийн шалгалт, төрийн албаны ерөнхий шалгалтад бэлтгэх сургалтыг танхим болон цахим хэлбэрээр тухай бүр зохион байгуулж байгаагаас гадна эрх зүйгээр суралцаж байгаа болон хэдийнээ хуульчаар ажиллаж байгаа хүмүүст зориулсан иргэн, захиргаа, эрүү, болон гэрээний эрх зүйн 24-40 хоногийн хугацаанд үргэлжлэх хөтөлбөртэй цахим сургалтыг санал болгон ажиллаж байна. Мөн Монголын Хуульчдын Холбоонд бүртгэлтэй гишүүн хуульчид манай цахим сургалтуудад хамрагдсанаар хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цаг буюу кредит цагаа тооцуулах боломжтой.
Хэрэглэгч манай цахим хичээлүүдийг “legalacademy.mn” цахим платформ руу нэвтэрч хэдийд ч бүртгэл үүсгэн хүлээн авах боломжтой. Бүртгэлийн системийн хувьд маш ойлгомжтой, хялбар системчлэлтэй тул хэрэглэгчид төвөггүй байдаг.
Манай улсын иргэд хууль, эрх зүйн мэдлэгээ нэмэгдүүлэх шаардлагатай. Анзаарч үзвэл олон нийт дийлэнхдээ асуудал үүсэж, хохирсныхоо дараа сайн өмгөөлөгч, хуульч хайж байгаа харагддаг. Гэтэл хуульчаас хууль зүйн зөвлөгөө авахад цагийн хөлс маш өндөр. Иймээс бид байгууллагын хариуцлагын хүрээнд иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх тал дээр мөн анхааран ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд манай байгууллага “Хууль зүйн үйлчилгээний төв”-тэй хамтран ажиллаж байгааг дурдмаар байна гэлээ.
Мөн Legal academy төвийн гүйцэтгэх захирал Ю.Ариунхишиг дараах мэдээллийг өглөө.
Манай академийн алсын хараа бол “Хууль зүйн сургалтыг дэлхийн хаанаас ч” . Энэ нь хууль, эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх гэсэн хэн бүхэн манай сургалтад орон зай, цаг хугацааг үл харгалзан суралцах боломжтой болохыг илэрхийлж байгаа гэж хэлж болно.
Легал академийг салбартаа мэргэшсэн, олон жилийн практик туршлагатай багш нар үүсгэн байгуулж, салбартаа тэргүүлэх хүмүүстэй хамтран ажиллах шаардлагыг гол болгож ажилладаг ба сургалтын цогц хөтөлбөр санал болгодог. Энэ ч утгаараа системтэй сургалтын эцэст манай сургалтад хамрагдсан суралцагсдын сэтгэгдэл, амжилтын хувь өндөр байдаг.