Нийслэлийн Хан-Уул дүүргийн Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбосон, “Номин” дэлгүүрийн зүүн хойд уулзвараас Орхон их сургууль хүртэлх замыг хаана.
Тодруулбал, энэ сарын 5-24 хүртэл тус авто замын хөдөлгөөнийг хязгаарлан, зам барилгын ажил гүйцэтгэх юм. Тус замыг 3 байршилд хөндлөн сэтэлж борооны ус зайлуулах шугам хийх, мөн хучилт, хэвтээ тэмдэглэл, явган хүний замын ажлыг хийнэ.
Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох авто замын гүйцэтгэгч 7 дугаар сард шалгарч, 8 дугаар сарын 14-нөөс замын ажлыг эхлүүлжээ. Түүнээс хойш замын хөдөлгөөнийг хаалгүйгээр замын 2 талаар борооны ус зайлуулах шугам хийж, зам барилгын ажлын трасст өртсөн 8 нэгж талбараас хоёрыг нь чөлөөлөөд байна.
Тус замыг шинээр тавьснаар авто замын шинэ сүлжээ, холбоос зам бий болохоос гадна Чингисийн өргөн чөлөө, Зайсангийн гудамжны авто замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг багасгах ач холбогдолтойг нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээллээ.