Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн энэ оны аравдугаар сарын 03-ны өдөр боллоо. Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангасан. 120 мянган тонн түлш нөөцөлсөн. Борлуулалтын 473 цэг ажиллаж байгаа. Аравдугаар сарын 15-ны өдөр гэхэд 650 цэг ажиллуулна. Өдөрт 800-900 тонн түлш борлуулж байгаа” гэлээ.
Стандарт, чанар шаардлага хангаж байгаа эсэхийг Хотын дарга тодруулахад “Мэргэжлийн хяналтын байгууллагаас байнга шинжилгээ хийж байна. Чанарын хувьд стандартаа барьж байгаа” гэсэн бол Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга С.Даваасүрэн “Шахмал түлшний чийгшил өнгөрсөн жил 6.8 хүртэл байсан. Энэ жил хамгийн ихдээ 3.8 байгаа. Түлшний чанар маш сайн байгаа” хэмээн танилцууллаа.
Хотын дарга гэр хорооллын 200 мянга гаруй иргэний эрүүл, аюулгүй өвөлжихтэй холбоотой асуудал учраас хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.
Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар