УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийж байна.
Өнөөдөр намрын ээлжит чуулган нээгдэж байна. "Ханшийн өсөлт, ард түмний амьдрал ямар байгааг, төр засгийн эрх баригчдын бялуурсан байдлыг бид харж байна. Ний нуулгүй хэлэхэд Их зохиолч Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс” зохиолтой адил зүйл манайд өрнөж байна. Ард түмний амьдрал өдөр бүр хар нулимс болж, эрх баригчдын хувьд өдөр болгон цагаан сар болж байна. Ийм хүнд нөхцөл байдалтай байна. Үүнийг дэлгээд тавьсан цааснаас харж болно.
УИХ бол УИХ биш болсон, Засгийн газар гуч, дөчөөд сайдтай боллоо. УИХ ямар ч ёс зүйгүй, ёс суртахуунгүй болсон. Ард түмний итгэл найдвар өргөсөн тангаргатаа үнэнч бус байна.
Өнгөрсөн хоёр жил МАН-ынхан Монгол улсын эдийн засгийг унагалаа. АН-ын бүлэг сөрөг хүчний үүргээ биелүүлж байгаа зүйлгүй байна.Даварсан эрх баригчдыг даруулгатай, замбараатай болгоход ард түмэнтэйгээ хамтран АН, миний бие ажиллаж эхэлнэ.
Төсвийн хэмнэлтийн тухай хууль нэр төдий байна. АН-ын бүлэг дотоод асуудлаа өөрсдөө шийдэх ямар ч боломжгүй. ҮХЦ дээр маргаан үүсгэсэн байхад үүнийг үл хэрэгсэн манай намын дотоод асуудалд МАН оролцож байна. Үүгээр УИХ, засгийн газрыг ямар ч хяналтгүй болгох үйл ажиллагаа явуулж байна. Цаашдаа ард түмэн сонор сэрэмжтэй байх ёстой.Дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээллийн салбарынхан бузар муухайг илчлэх хэрэгтэй байна. Ард түмний амьдрал энд, эрх баригчдын амьдрал тэнд очсон байна.
ҮХЦ-ийн ажиллах нөхцөл мөн ч адил үгүй болсон. Монголд хууль биелэхээ больжээ. Эрх баригчид хуулиа дагахаа больсон байна. Авлига, албан тушаалаар хүмүүсийг худалдаж авах, УИХ-ын гишүүд хоорондоо наймаалцан хууль зөрчих үйлдэл эрх баригчдаас гарч байна.
АН, МАН гэж ялган хэлээд байх зүйл алга. Олон жил хуулийг гартаа барьж байсан Увсын бүлэглэл юу дуртайгаа хийж байна. Ийм нөхцөл байдалтай байгааг та бүхэнд анхааруулъя. Би эсэргүүцлээ илэрхийлж Чуулганы нээлтээр УИХ-ын гишүүний картаа УИХ-ын дарга Г.Занданшатарт аваачиж өглөө" гэв.