Индонезийн зүүн Жава мужийн Маланг хотын хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд болсон үймээнээс болж 125 хүн амиа алдлаа. Бямба гарагийн орой Индонезийн лигийн томоохон баг “Arema FC”-гийн шүтэн бишрэгчид “Persebaya Surabay”-д баг нь 3:2-оор хожигдсонд уурсаж, үймээн дэгдээжээ.
Энэ үймээнийг дарах гэж цагдаагийн хүчнийхэн нулимс асгаруулагч хий хэрэглэж, сандарсан үзэгчид гарц руу олноороо гүйлдсэнд үймээн улам нэмэгдсэн байна. Тодруулбал энэ эмх замбараагүй байдлаас болж зарим нь амьсгалж чадалгүй өнгөрсөн бол мөн үлдсэн хэсэг нь олны хөлд дарагдаж амиа алдсан харамсалтай үйл явдал болжээ. Амиа алдсан иргэдийн дунд цагдаа нар ч байсан байна. Түүнчлэн тус мужийн эмнэлгийн захирлын мэдээлснээр хохирогчид дунд таван настай хүүхэд байжээ.
Орон нутгийн мэдээллийн сувгуудын цацсан бичлэгт “Persebaya Surabaya” ялалт байгуулсны дараа Канжүрүжан цэнгэлдэх хүрээлэн рүү шүтэн бишрэгчид “урсан орж” буй нь бичигдсэн. Мөн агаарт нулимс асгаруулагч хий ил тод харагдаж, зарим шүтэн бишрэгчид ухаан алдсан нэгнээ авч явж байсан байна. Томоохон хэвлэлүүд энэ үйл явдлыг түүхэн дэх хамгийн “цуст спортын тэмцээнүүдийн нэг” байлаа гэж тодорхойлж байна.
ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA