МҮБХ, СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй “Үндэсний алтан цом”-ын төлөөх 21 аймаг, есөн дүүрэг, нийслэл Улаанбаатар хот, Тува улсын нийт 32 бөхийн хооронд зохион байгуулагдаж буй цуврал барилдаан өчигдөр эхэллээ.
Эхний тойрогт Орхон аймаг Сүхбаатар аймгууд өрсөлдлөө. Хоёр баг 12, 12 даваатай эн тэнцүүхэн өрсөлдөж эцэст нь ганцхан давааны илүүгээр Сүхбаатар аймгийн бөхчүүд ялснаар дараагийн тойрогт өрсөлдөх эрх авлаа.
Сүхбаатар аймгийн багт улсын начин Бо.Батжаргал, аймгийн хурц арслан Ч.Энхмөнх, Н.Өсөхбаяр, аймгийн арслан Б.Зоригтбаатар, Э.Буянтогтох, аймгийн заан Б.Бадамдорж нар багтсан бол Орхон аймгийн баг Б.Гантөмөр, Б.Хашбат, Ч.Мөнхбат Х.Чулуунгэрэл, Д.Хишигдаваа, С.Майнбаяр нарын зургаан арслангаас бүрдсэн баг байлаа.
Хоёр дахь дуэльд Архангай болон Хэнтий аймгийн бөхчүүд өрсөлдлөө. Архангай аймгийн баг өрсөлдөгчөө 19:6-аар илүүрхэж, дараагийн шатанд өрсөлдөх эрх авав.
Архангай аймгийн баг сэлгээний бөхгүй улсын гарди М.Бадарч, улсын харцага Б.Зоригтбаатар, О.Мөнх-Эрдэнэ, аймгийн хурц арслан С.Сүхбат, аймгийн арслан Э.Мөнхжаргал нарын үндсэн бүрэлдэхүүнээрээ барилдсан бол Хэнтий аймгийн багт улсын арслан Э.Оюунболд, улсын харцага Г.Бадрах, аймгийн арслан Ш.Отгонтөгс, Д.Алтанцоож, аймгийн харцага Б.Түвшинтөгс, сэлгээний бөхөөр аймгийн Б.Мандалбат нар барилдсан юм.
Ялсан багууд шагналын 5.000.000 төгрөг, барилдсан бүх бөхчүүд давааны мөнгөө гардацгаав.