"Гашуун яриа" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт удам залгасан бөө, “Жаданшонхор бөөгийн төв”-ийн тэргүүн, удган О.Туяатай ярилцлаа. Түүний хувьд хүн аливаа шашин, далдын хүчинд итгэж сүсэглэхэд хүртэл хязгаар байх учиртайг хэллээ. Тэрбээр "Бидэнд эцэг эхээс илүү дээд тэнгэр, дээд шүтээн үгүй. Цаг хугацаа урсах бүрийд алсарч байгаа аав, ээжийгээ дээдэлж хайрлах учиртай" хэмээн онцолсон юм. Ингээд түүний яриаг хүргэж байна.
1. Би 21 жил бөөлж байгаа. Бөө мөргөл гэдэг нь хөх тамгатай монгол түмэн, хөх тэнгэрээ шүтэж явсан. гэсэн үг. Энэ бол өв уламжлал. Бид өв уламжлалаа биеэрээ тээж яваа хүмүүс. Миний багшийн зарчим байдаг. "Хүний алганы хонхорыг дээш харуулсан л бол балга сүү, сиймхий хадаг, сэтэрхий тэвнээр ч хамаагүй хүний үйлийг жигд сайхан хийж өгөөрэй" гэдэг. Үүнийг миний багш нэлээн сайн зааж өгсөн.
2. Нэг хэсэг борооны дараах мөөг шиг арвин их бөө тодорч байсан. Сайныг дагаж саар зүйл сүүдэрт нь үргэлж дагаж байдаг шүү дээ. Одоо бол өвдөж хавдсан болгоныг бөө болгож байна. Үйлийг хийж чадахгүй бол хийж чадна гэж амлаад хэрэггүй. Манай монгол бөө нарын нийтлэг шинж нь өртөг зоосыг их хэмжээгээр нэхэж авдаг. Тус нь хүрээгүй байхад өртгөө нэхээд байдаг. Тийм зүйлийг байж болохгүй л гэж үздэг.
3. Бөө хүн дээр дандаа алдаж эндсэн, зовлон учирсан, ажил үйлс нь бүтэхгүй харалсан, аргаа барсан хүмүүс л ирдэг. Эдгээр хүмүүсийн зовлон дээр зовлон нэмэхгүй байхын төлөө бөө, удган, онгод тэнгэртэй хүмүүс маш их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй гэж би боддог.
4. Ямарваа шашин шүтлэг, мөргөл, зан үйл аль нь ч байсан гэсэн тунг нь тааруулж шүтэх хамгийн чухал. Хүмүүсийг хараад байхад бэрд сууж байгаа юм шиг ханддаг. “Би мөнгөтэй болмоор байна, ингэмээр байна” гээд л дандаа эд баялаг талаас нь асуудаг. Манайд нэг хүн ирээд “Манай нөхрийг алаад өгөөч. Манай нөхөр өөр хүнтэй суусан. Надад эд баялаг гэж зүйл үлдэхгүй болох нь. Хэрвээ үүнийг хийж өгвөл зайсанд орон байртай болгож өгье. Мөнгө төгрөгтэй болгож өгье” гэж ярьж байсан. Миний онгод, тэнгэр ийм зүйлийг үздэггүй. Би дөрвөн хүүхэдтэй. Үйлийн үр гэж байгаа шүү дээ.
5. Бидний бие сэтгэл, сүнсэн биед итгэлийн гал, сэтгэлийн гал, зүтгэлийн гал байж байдаг. Гал нь бөхөөд ирэхээр хүн хийморь сүлдгүй болж байдаг. Хийморь сүлдгүй болоод ирэхээр нийгмээрээ яадаг вэ гэхээр, бараан муу муухай мэдээллийг сонирхож сорж, түүнээсээ цадаж, ханаж байгаа юм шиг мэдрэмж авдаг. Нийгмээрээ ийм болсон байна. Хуучин цагт бидний өвөг дээдсүүд хэзээ ч хүний хар хэрүүлийг халуун тогоон дотроо, харуй бүрий цагаар хутгаж ярьдаггүй л байсан шүү дээ. Гэтэл одоо өглөө нүдээ нээгээд л харахад фэйсбүүк дээр нийтлэг хар масс, хар энерги, хар үүлэн бүрхүүл хүнийг бүрхсэн байж байдаг. Тэр муухай хар энерги, эрчмээсээ хүн бүр ангижирчих юм бол их сайхан болно. Үүний тулд гэгээн цагаан бүхэнд тэмүүлж, байгал дэлхийн сайхныг гайхшран голын зах дээр жаахан амрах ч байдаг юм уу. Энэ мэтээр,эсвэл хайртай аав ээж дээрээ очиж баяр жаргалаа хуваалцах хэрэгтэй.
6. Би удам тасраагүй бөөгийн улбаатай. Ариун сайхан аваад явсан өвөг дээдсийнхээ шүтээнийг залгуулж авчхаад ямар нэг байдлаар балруулах, удам ургаа бузарлахыг боддоггүй. Жишээ нь хүний амь нас даасан засал гэж бий. Иймэрхүү эмнэлэгт бие нь муу байгаа хүний ар гэр нь ирэхэд, заслыг нь хийгээд, хар үхээрийн ам хаалгыг нь хаагаад чадлын хирээр тус болно. Ухаан алдаад уначихсан хэдэн хоног сэхээнд байгаа арга учир нь олдохоо байсан, хагалгаанд ороод сэхэхээ байсан улсуудын үйлийг хийх л их хатуу байдаг. Эдгээр хүмүүсийн үйлийг хийхдээ үнэ өртөг гэж айхтар нэхэж авдаггүй. Үүнээс шалтгаалан үхэр мал, өөрт юу байна түүгээрээ жаахан барагддаг.
7. Манай нийгэмд нийтлэг мухар сүсэг тогтчихсон. Эмч нар хэрэггүй юм шиг үздэг. Бүх зүйлийг сүсэг бишрэлдээ даатгаж найдах хэрэггүй. Лам багш, эсвэл бөө багшийгаа шүтэхдээ эх эцгээс илүү дээд юм шиг биширч, эсвэл ямар нэгэн шавар, зурган бурхан тавьчхаад түүндээ сүсэглэж залбираад байдаг. Үүнийг би буруу гэж боддог юм. Эрдэнийн сайхан эх эцгээс илүү дээдийн шүтээн гэж байдаггүй. Амьд сайхан бурхдууд цаг хугацаар хэмжигдэн биднээс холдож байдаг. Үүнээс дээд шүтээн, үүнээс дээд тэнгэр ч гэж байхгүй. Ийм болохоор амьд сэрүүн байгаа дээр нь ээж аав руугаа үргэлж утсаар ярьж байгаарай. Зовсон зүдэрсэн зүйлийг эхийнхээ сэтгэлд битгий хийж байгаарай.
8. Би ээжийгээ өнгөрөхөд мэдэж чадаагүй. Уулзаж амжаагүй явуулсан даа их харамсдаг даа. Одоо би боддог юм. Муу ээж маань амьд байсан бол илүү сайхан баяруулах байсан байх даа. Энэ цаг мөчид би алтан бөгж авч өгөөд, сайхан идэх хоол авч өгөөд ижийдээ хүрч, хүргэж өгч чадахгүй байгаа нь туйлын харамсалтай санагддаг.
9. Орчлон хорвоод хүн гэдэг амьтан түр зуурын ирсэн. Түр зуурын орчлонд түр зуурын ирсэн учраас бие биенээ хайралж яваарай. Хань ижлээ хайралж гамнаж, халуун дулаан үг хэлж яваарай. Эерэг сэтгэлээр бүх зүйлд хандаж яваарай гэж хэлье.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.