
Украины Запорожье хот руу Оросын тал пуужингийн цохилт өгсний улмаас дор хаяж 30 хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан талаар Украины албаны хүн мэдэгдлээ. Энэ тухай Запорожье мужийн захирагч Александр Старух баасан гарагт цахим мэдэгдэл хийлээ. Түүний хэлснээр, Оросын цэргүүд Оросын эзэлсэн нутаг дэвсгэр рүү явж байсан хүмүүнлэгийн цувааг онилсноор 100-аад шархдаад байна.
Тэрээр шатсан тээврийн хэрэгсэл болон зам дээр хэвтэж буй цогцсуудын зургийг мөн нийтэлсэн байна. Харин ОХУ уг халдлагыг үйлдээгүй гэж мэдэгдээд байгаа юм. Энэ цуваанд байсан хүмүүс Оросын армийн хяналтаа тогтоосон нутаг дэвсгэрт очиж, төрөл төрөгсөдөө авч, аюулгүй газар аваачихаар төлөвлөж байсан гэж Старух нэмж тайлбар өгчээ.
Энэ үйл явдал олон улсын хамтын нийгэмлэгийн сорилттой тулаад байгаа Украины эзлэгдсэн бүс нутгуудыг ОХУ-д нэгтгэх санал хураалт болж дууссаны дараахан болж байна. Хэдий Запорожье мужийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн зарлигт В.Путин өчигдөр гарын үсэг зурсан ч энэ нь Запорожье хотыг хамаараагүй байсан юм. Өөрөөр хэлбэл ОХУ хяналтаа тогтоож чадаагүй газар нутаг руу дайрсан үйлдлийг гадны мэргэжилтнүүд шүүмжилсээр байна.
Эх сурвалж: AL JAZEERA