Өчигдөр Кремль-д Украины эзлэгдсэн бүс нутгуудыг өөртөө нэгтгэх санал хураалтын үр дүнг баталгаажуулах гарын үсэг зурах ёслол болсон. Ийнхүү ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин гарын үсэг зурснаар Украины зүүн хэсгийн мужууд буюу Украины нийт газар нутгийн 15 хувь нь ОХУ-ын хэсэг болж байгаа юм. Энэ үеэр В.Путин “ОХУ шинэ дөрвөн бүс нутагтай боллоо, Донецк, Луганск, Запорожье, Херьсоны иргэд үүрд ОХУ-ынх байх болно” гэж хэлсэн байна. Тэрээр үргэлжлүүлэн энэ шийдвэр нь санал хураалтад оролцсон олон мянган хүний хүслийн дагуу болж байгаа бөгөөд газар нутгаа хамгаалахын тулд бүх хүч, бүх аргаа хэрэглэнэ гэж мэдэгдлээ. В.Путин “Түүхэн аугаа ОХУ”-ын төлөө үргэлжлүүлэн байлдсаар байх болно гэдгээ илэрхийлж барууны орнуудыг ямар ч баримтгүйгээр ОХУ-ыг Nord Stream хийн хоолойнуудын эвдрэлд сэрдэж байгаад дургүйцлээ илэрхийлэв.
Үүнээс өмнөхөн В.Путин Украины зүүн хэсгийн мужууд болох Запаорожье, Херьсон мужуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн зарлигт гарын үсэг зураад байсан юм. Ийнхүү гарын үсэг зурсан цагаас эхлэн дээрх зарлиг хүчин төгөлдөр болно гэж ОХУ-ын Тасс агентлаг мэдээлж байсан.Тодруулбал Запорожье мужид санал өгсөн саналын хуудасны 93 хувь, Херьсон мужид саналын хуудасны 87 хувь нь ОХУ-д нэгдэхийг дэмжсэн үр дүнд хүрсэн. Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг ОХУ Украины дайн эхлэхээс өмнөхөн хүлээн зөвшөөрсөн билээ.
Харин Украин, Европын Холбоо, АНУ тэргүүтэй улс орнууд, мөн НҮБ-ын тэргүүн энэ санал хуралт нь “хүчээр” явагдсан гэж буруутгаж, ОХУ-д хариуцлага тооцох хэрэгтэй гэдэгт санал нэгдээд байгаа юм. В.Путин барууны эвслийнхний томоохон эсэргүүцэлтэй тулах үйлдлээ өөрөө эхэлж өдөөлөө гэж аюулгүй байдал судлаачид дүгнэж байна.
Эх сурвалж: TASS, BBC, AL JAZEERA