Бид өмнө нь гурилын үнэ 50 хувиар нэмэгдэх талаар мэдээлсэн. Үүнээс үүдэн гурилан бүтээгдэхүүний үнэ 30-50 өснө. Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос үнэ нэмэгдэх болсон шалтгааныг тайлбарлалаа.
Хил гаалийн ойлгомжгүй байдал, тээвэр ложистикийн доголдол зэрэг асуудлыг улмаас гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Аж ахуй эрхлэгчид туслах түүхий бүтээгдэхүүнээ гаднаас авдаг. Эдийн засгийн байдал болон хурдан муудах шалтгааны улмаас туслах түүхий эдийг их хэмжээгээр нь авах боломжгүй. Хил гаалиар бараа бүтээгдэхүүн хэзээ орж ирэх нь тодорхойгүй. Ургамлын тос, элсэн чихэр, тоног төхөөрөмж зэргийг бид урд хөршөөс авдаг. Мөн сав баглаа боодол бас хомсдолд орж байна. Сав баглаа боодлыг сүүлийн үед дотооддоо хангаж байгаа боловч эдгээр хүмүүс сав баглаа боодол хийх түүхий эдийг урд хөршөөс авдаг.
Тээврийн үнэ маш их өссөн. Хоёр жилийн өмнө гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид Эрээнээс Улаанбаатар руу шууд тээвэр хийдэг байсан. Гэтэл өнөөдөр Эрээн-Замын-Үүд, Замын-Үүд-Улаанбаатар гэсэн хоёр маршруттай болсон. Мөн тээврийн үнэ хоёр, гурав дахин нэмэгдсэн.
Ямар төрлийн бүтээгдэхүүн хэдэн хувь нэмэгдэхийг одоогоор хэлэх боломжгүй. Нэг бүтээгдэхүүн тус бүрд 30-50 хувь үнэ нэмэгдэх шаардлага зайлшгүй бий болсон. Ургац хураалт 40-50 хувьтай байна. Шинэ ургацын улаан буудайгаар гурил хийхэд багагүй хугацаа шаардагдана. Иймээс аравдугаар сард багтаан нэмнэ гэлээ.
Гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх болсон шалтгаан:
- Хил гаалийн ойлгомжгүй байдал, тээвэр ложистикийн үнийн нэмэгдэл
- Авто бензин, дизель түлшний үнийн нэмэгдэл
- Валютын ханшийн өсөлт
- Ажиллах хүчний дутагдал. Хүнсний салбарт ажиллах нарийн мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгааг нэмж хэллээ.