Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар ангийн алба хаагч нас барсан хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар Увс аймагт хуваарилагдан очсон 19 настай С өчигдөр буюу энэ сарын 29-ний өдөр модноос боомилогдон нас барсан байжээ.
Хил хамгаалах Ерөнхий газраас өгч байгаа мэдээллээр байлдагч нь өчигдөр 16 цагийн орчимд үхрээ хайх зорилгоор малын сууриас морин уналгатай хөдөлсөн бөгөөд 17 цаг 30 минутын орчимд малаа хайж байгаа талаар мэдээлээд дахин холбоо бариагүй тул 20 цагаас хилийн салбараас бүлэг гаран эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Улмаар түүнийг хилийн салбараас 8 км, малын сууриас 12 км-т орших "Боомын гаталга" нэртэй газар модноос боомилсон байдалтай нас барсныг олсон байна. Тус малын суурьт 2022 оны нэгдүгээр ээлжээр татагдсан хугацаат цэргийн алба хаагчид хамт үүрэг гүйцэтгэж байсан. Хэргийг Увс аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа талаар албан эх сурвалж мэдээллээ. Талийгаач нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумаас цэрэгт татагдан очсон байжээ.