Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр /2022.09.29/ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Засгийн газраас Төсвийн тухай хуулийн 8.4.5-д заасныг үндэслэн,
- Монгол Улсын 2023 оны төсвийн тухай,
- 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл,
- Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай,
- Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай,
- Ирээдүйн өв сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслүүдийг өргөн барив.
Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газар ирэх 2023 оны төсвийн төслийг төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийг тогтворжуулахад чиглэн боловсруулснаа онцлов. Мөн төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг хамгаалахад чиглэсэн мөнгөний хатуу бодлогыг төсвийн хэмнэлтийн бодлоготой хоршуулан хэрэгжүүлнэ гэж мэдэгдлээ.
2023 онд шинээр хөрөнгө оруулалт хийхгүй, төрийн өмчийн томоохон газруудад шинээр хийх хөрөнгө оруулалтыг зогсоохоор төсөөлж, харин өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн бүх төслүүдээ ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Төрийн хэмнэлтийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс орон нутагт хөрөнгө оруулалт, ажлын байр, бизнес эрхлэхэд таатай орчин бүрдүүлэхэд дорвитой анхаарсан гэж Сангийн сайд мэдэгдлээ. Мөн төрийн албан хаагчдын цалингийн тогтолцоог бүтээмжтэй нь уялдуулна, өрийн удирдлагын стратегийг оновчтой хэрэгжүүлэх, халамжаас хөдөлмөрт чиглүүлэх бодлогын хүрээнд нийгмийн хамгааллыг зорилтот бүлгүүдэд чиглэхээр тусгасан байна.