Английн хатан хааны оршуулах ёслолд Меган Марклын өмссөн хувцсыг монгол бүсгүй урласан нь олны анхаарлыг ихээхэн татлаа. Түүнийг Дамдингийн Энхцэцэг гэдэг. Домогт “Битлз” хамтлагийн дуучин Пол Маккартнийн охины үүсгэн байгуулсан “Stella McCartney” брэндийн оёдлын мастер, загвар зохион бүтээгч тэрбээр дэлхийн хэмжээний алдартан, холливудийн оддын гоёлыг урлаад олны хараанд өртсөн нь энэ анхных бус.
Меган Маркл л гэхэд хуримынхаа даашинзыг түүгээр урлуулж байсан удаатай.
Д.ЭНХЦЭЦЭГ ГЭЖ ХЭН БЭ
Тэрбээр Монголд төрж өсөн, нийслэлийн 43 дугаар сургуулийг төгссөн. Дараа нь Киргизстан улсын Бишкек хотын оёдлын ТМС-ийг дүүргэжээ. 1992 онд ийн сурч ирээд “Шилмэл загвар”-т оёдолчноор ажиллан, ажлын гараагаа эхлүүлсэн байна. Өөрийгөө хөгжүүлэх, хэл сурах хүсэлдээ хөтлөгдөн 1998 онд Английг зорьжээ.
Амьдрахын эрхэнд зөөгч, менежер гээд олон төрлийн ажил хийж. Улмаар мөрөөдлөө биелүүлэх, зорилгодоо хүрэхийн тулд зүтгэсээр Лондон хотын “University of Art London college of fashion” сургуулийг загвар зохион бүтээгч мэргэжлээр төгсөв. Гэтэл бүх зүйл санаснаар болсонгүй. “Ажлын туршлагагүй” гэдэг үг түүний өмнө ч мөн хөндөлсөв. Сурахынхаа хажуугаар цагийн ажил хийгээд мэргэжлийн дадлага хийж амжаагүй нь үүнд тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэнэ.
Ямар ч байсан хичээл зүтгэлийнхээ хүчинд том, жижиг хэд хэдэн газарт тэнцэн, ажиллажээ. Тэгж явсаар одоо ажиллаж буй “Stella McCartney”-д 2014 онд ажилд оржээ. Тухайн байгууллагад анх оёдлын технологич мэргэжлээр, цагийн ажилтнаар ажилд орсон гэнэ. Одоо харин тэр “Stella McCartney”-ын урдаа барьдаг оёдолчин, загвар зохион бүтээгчдийн нэг болж чадсан.
Д.Энхцэцэг гоёлыг нь урласан хамгийн анхны алдартан нь Жони Деппийн экс эхнэр. Алдарт жүжигчин Жүди Комер, Деми Мур, Эмма Уотсон, Луара Дарн, Олимвиа Колман, дуучин Кэти Пэрри, Эд Шэран, хөтлөгч Опра Уинфри, топ модель Кэйт Мосс гэх мэт олон, олон алдартны гоёлыг урлаад буй. Холливудийн цөөнгүй алдартан түүгээр гоёлоо урлуулахаар зорьж очдог болсон гэнэ лээ.
ТЭРБЭЭР ӨӨРИЙН “ENKA COUTURE” БРЭНДТЭЙ
Английн Лондон хотод 24 жил амьдарч буй түүний хань нь англи хүн, хоёр охин, нэг хүүтэй. Д.Энхцэцэг алдартнуудын хувцсыг урлахынхаа хажуугаар өөрийн “Enka Couture” нэртэй хувцасны брэндээ 2020 онд үүсгэн байгуулжээ.
Алдартнуудад хамгийн чухал зүйлсийн нэг нь гоёл. Ямар брэнд, загварын хувцас өмссөн нь олны анхаарлыг үргэлж татдаг. Нөгөө талаар өмсөж, зүүснээрээ нэгнийхээ урд гишгэх нь алдартан бүхний хүсэл. Дахин давташгүй загвар бүхий хувцсыг цорын ганц ширхгээр хийлгээд өмсөхийг л эд хүсдэг. Тэр хэрээр хэнээр урлуулах, ямар загвар, брэндээр гоёхдоо үргэлж өндөр цензури тавьдаг. Тэр өндөр босго, шалгуур, цензурийг давж яваа нь Д.Энхцэцэгийн хэр ур чадвартай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөний илрэл.