"Цемент Шохой" ТӨХК "Улаанбаатар-Дархан" чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад цемент нийлүүлэхэд бэлэн болжээ.
Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК-ийн Чулуунцрын үйлдвэрийн галд тэсвэртэй тоосго солих болон техник, технологийн 320 багц засварын ажил дууссанаар өнөөдрөөс буюу 2022 оны есдүгээр сарын 29-нөөс цементийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
Эхний ээлжинд Улаанбаатар-Дархан чиглэлийн замд нийлүүлэх 32.5 маркийн цемент үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд шуурхай тээвэрлэж нийлүүлснээр тус замын бүтээн байгуулалтын ажил хэвийн үргэлжлэх боломж бүрдэж байгаа юм. Энэ талаар “Цемент Шохой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар “Чулуунцрын үйлдвэр хэвийн, жигд ажиллаж байна. Манай лабораторийн хяналтаар чанар сайн байгаа. Хоногт 2500 орчим тонн цемент үйлдвэрлэнэ” гэлээ.